НОГООН тайзны БАРААН хөшиг

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ийнхүү “COP” эхэллээ. Гэхдээ ориг нь биш шүү. Ихэнх хүмүүс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндсэн “COP”-той нь андуурдаг шиг байна лээ. Үндсэн “COP” нь 30 гараад талийж өгсөн. Ямар нь ч байлаа гэсэн Монгол Улсад цөлжилтийн асуудлаар дэлхийн 190 орчим улсын төлөөлөгчид чуулж байна. Монголд чуулаад хурал хийж байгаа нь сайн хэрэг. Дараа нь юу үлдэх вэ гэж асууж байх шиг байна лээ. Үнэн хэрэгтээ юу ч үлдэхгүй. Гэхдээ байна аа, Монгол гэдэг нэр дэлхийн 190 гаруй улсад албан мэдээ, албан бус мэдээ байдлаар хүрнэ. Хүрэхдээ анхаарлыг татаж хүрнэ. Энэ чинь л үр дүн. Хувь заяаны шоглоомоор ногоон тайзнаа ёслол төгөлдөр эхэлсэн энэ “жүжгийн” наана буй хөшиг нь л бараан болохоос...

Шороо татуулаад ногоон тайз руу

Ногоон тайз руу бид шороо пургиулаад л зүтгэсэн юм. Намын зодооноо индэр доороо нуугаад барилцсан чигтээ 2024 он руу хараа бэлчээж байсан улс төрийн тэр тэмцэл дунд 2022 онд анх “COP” буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлыг зохион байгуулах хүсэлтээ өгч байлаа. Хачирхалтай нь тэр үед ч “Ангарскийн үйлдвэр засварт ороод” өнөөх монголчууд нь бензиндээ дугаарлаж байсан л юм. Тэгээд дэмжлэг аваад 2024 онд албан ёсоор зохион байгуулахаар шийдвэрлэж байлаа. 

"Ангарскийн үйлдвэр засварт ороод" бензин тасалдаж байсан 2022 онд ширээн дороо зодооноо нуусан улс төрчид "COP 17"-г зохион байгуулах хүсэлтээ өгсөн юм. 

Шатахуун нь үе, үе тасалдсаар л байсан энэ үед сонгуулийн үнэр ханхийж байсан цаг л даа. Ингээд олигтой анхаарал гээчийг хандуулаагүй. Дэлхийн томоохон удирдагчдыг уриад Риядаас илүү амбицтай болгох боломж байсан. Гэвч тэгээгүй. Зөвхөн нэг сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засаг гурван удаа солигдож, Байгалийн сайд нь ч гурвантаа солигдлоо. Дэлхийг урих нь байтугай өөрсдөө засгаа байгуулах гэж тонгочиж байсан цаг. Үр дүнд нь одоо эгэл, цөлх эрдэмтдээс өөр хүн ирсэнгүй. Нэг ёсондоо улс төрийн пи-аргүй цэвэр дипломат, эрдэм шинжилгээний хурал болчихов уу яав.

Бараан хөшиг

Цар тахлаас хойш овоо сэхэл авах гэж байсан дэлхийн эдийн засаг их гүрнүүдийн радикал байдлаас болоод хэлбэлзэж эхэлсэн. Шороо татуулсан зодоон дунд манай эрх баригчид анзааргүй. 2025 онд дэлхийн эдийн засагт инфляцын нөлөө их байсан тэр цагт Монгол Улс мөнгөний хатуу бодлого баримталж бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Гэтэл эргээд эдийн засаг аятай болоод ирмэцг бид үүнийг буулгаагүйгээр барахгүй чанга хэвээр нь байлгасаар байгаад инфляцаа улам пуужиндуулсан. Үр дүнд нь бодлогын хүү нь 12.5%, инфляцын өсөлт нь 13% байна. 

Инфляц нь пуужиндаад, бензин нь шавхагдсан нэг бараан хөшиг ногоон тайзны урд татчихлаа. 

Ядаж байхад яр гэгчээр манай гол ханган нийлүүлэгч ОХУ-д байдал сайнгүй. Сайнгүйгээс гадна шатахуунд дугаарлаж, хязгаарлалтаас олгосон манайх шиг л байгаа. Одоо инфляц улам л пуужиндана. Шатахууны хиймэл эрэлтийг бий болгосон засаг, одоо дугаарын хязгаарлалтад найдаад сууж байгаа. Дугаарын хязгаарлалт дуусаад, Монголбанкны төсөөлөл дундрахтай зэрэгцээд өвөлтэй золгоно. Инфляц буурахгүй. Улам өснө. Учир нь манайх эрэлтээс шалтгаалсан инфляцтай учраас.

Балай бодлууд

Олон улсын арга хэмжээнүүд бүгд үр ашгаа өгөөд, шидэт дохиур шиг сайхан болгодог гэвэл “худлаа шаа” л гэе дээ. Өөрсдөдөө “либертари” гэх шошго хадсан хэд “COP17”-г У.Хүрэлсүхийн bye party гэж гөрдөнө лээ. Уг нь либертари гэдэг нь хуйвалдааны онол ярьж суугаад, баруунтан, зүүнтэн гэж Золбингийн Шижээ шиг ангилан ялгахыг хэлдэггүй л юм. Угтаа 2001 оноос эхэлсэн Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурал болбоос цөлжилтийн үр нөлөөг бууруулахад шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулъя л гэдэг зорилготой. Үр дүн нь дараагийн асуудал. Тэгээд ч төсвийн мөнгийг буруу зүйлд үрэн таран хийлээ, татвар төлөгчдийн мөнгө хурал хуй боллоо гэж хөмсөг зангидаад сууж болох л доо. Гэхдээ нээлттэй дэлхийд, олны интеграцид орж байж тухайн улс амь зуудаг юм. Хөрөнгө оруулалт татахын тулд "гоё харагдах" ёстой. Муухай царайлж, хуйвалдааны онол яриад л байвал хөрөнгө оруулалт үргэн дутаана. Ер нь ч тэгээд хүн гэдэг амьтан нэрээ хичээнэ. Улс ч ялгаагүй. 

Олон улсын арга хэмжээнүүд бүгд үр ашгаа өгөөд, шидэт дохиур шиг сайхан болгодог гэвэл “худлаа шаа” л гэе дээ.

Байгаль эхийн хийсэн 5000 жилийн ажлыг тав, аравхан жилийн дотор цэгцэлнэ гэдэг боломгүй зүйл. Гол учир нь цөлжилт гэдэгт анхаарлаа хандуулж, ногоон байгууламжийг нэмье л гэдгийг яриад байгаа юм. Дээрээс нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлсэн болж бадар барьдаг манай төр гуйх гуйлга, авах мөнгөтэй болно гэсэн үг. Сүүлд хийсэн судалгаагаар Монгол Улсын газар нутгийн 81.9% нь цөлжсөн байна. Бэлчээрийн даац хэтэрсэн гэж 10-аад жилийн өмнөөс ярьсан ч улс төрийн эрх мэдлийн даацаа дийлээгүй манай төр үүнийг нь анзаараагүй.

*** 

Эдийн засгийн нөхцөл бараандуухан, улс төрийн байдал нь бүүдгэрдүүхэн нэг ийм үеэр “COP17” болж байна. Бүх бараанаа хөшигний ард нуучихаад гоё дээрээ тавиад арав илүү хононо. Үр дүн нь дипломатын хувьд бүтэн 10 оноо. Энэ нь л манайдаа гол үр дүн. Ерөнхий том агуулгаараа манайхыг гаднынхан “тооно”. Тэгээд дараа нь нийгмийн байдал нөгөө хэвэндээ л үлдэнэ. Түгжирнэ, дугаарлана, бухимдана, либерал хувцастай улаан коммунистууд бүх зүйлийг хараана, гэвч ерөөхгүй. Улс төрийн зодоон болно. Одоо заамдалдаад эхэлчихсэн...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top