Монгол Улс СОР17-ийн бага хурлыг хүлээн авагч орны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 23

Монгол Улсын Засгийн газар, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын (UNCCD) Нарийн бичгийн газартай “Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)"-ийн Хүлээн авагч орны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бонн хот дахь НҮБ-ын төв байранд, яг одоо болжээ. Энэхүү хэлэлцээрийг хийснээр Монгол Улс 2026 онд Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах эрхээ баталгаажуулж байна.

Монгол Улс нь энэхүү хурлыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, 2022 оны 5 дугаар сард олон улсын түвшинд дэмжигдэж, энэхүү чухал хурлыг эх орондоо зохион байгуулах эрхээ авсан билээ. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газар уг хэлэлцээрийг байгуулах шийдвэрийг гаргаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тус гэрээнд гарын үсэг зурж байна.

Үүгээр Монгол Улс цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх дэлхийн хүчин чармайлтад манлайлан оролцохоо бататгаж байна. Манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн бөгөөд малчдын амьдрал, биологийн олон янз байдал, хүнсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж буй энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. СОР17 бага хурлыг зохион байгуулснаар Монгол Улс тогтвортой газрын менежмент, нөхөн сэргээлтийн үйл хэрэгт тэргүүлэх үүрэгтэй оролцож, улс орнуудын засгийн газар, шинжлэх ухааны байгууллагууд, бизнес эрхлэгчид, нутгийн уугуул иргэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чухал боломж бүрдэнэ.

Тус бага хурал нь газрын нөхөн сэргээлт, ган гачигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, тогтвортой газрын менежментийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол Улсын бэлчээрийн экосистемийн нөхөн сэргээх бодлого, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг дэлхий нийтэд таниулахад онцгой ач холбогдолтой юм.

Цөлжилтөөс үүдэлтэй өөр нэг тулгамдсан асуудал бол элсний болон шар шороон шуургын асуудал юм. Монгол Улс болон бүс нутагт шар шороон шуурга улам бүр нэмэгдэж, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж байна. Энэхүү сорилт нь дан ганц Монголын асуудал биш бөгөөд Хятад, Япон, Солонгос улсад нөлөөлөхөөс гадна Номхон далайг гатлан Хойд Америк хүртэл хүрч байна. Тиймээс бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, тогтвортой менежментийн шийдлүүдийг хэрэгжүүлэх нь нэн чухал байна.

Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлд Монгол Улс хэдийнэ бодит алхмуудыг хийж эхэлсэн бөгөөд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн нь доройтсон газрыг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр тодорхой үр дүнд хүрч байна.

Өнөөдөр дэлхийн хуурай газар нутгийн 54% нь бэлчээр бөгөөд нийт хоёр тэрбум гаруй хүн эдгээр экосистемээс шууд хамааралтай амьдарч байна. Иймээс бэлчээрийн экосистемийг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах нь дэлхий нийтийн тэргүүлэх чиглэл, анхаарал хандуулах асуудал болоод байна. Монголчууд бид олон мянган жилийн нүүдэлчин уламжлалтай, унаган байгаль, бэлчээртэй нягт харилцан шүтэлцээтэй амьдарч ирсэн ард түмний хувьд бэлчээрийн тогтвортой менежментийг дэлхий нийтэд сурталчлах, анхаарлын төвд оруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах үүрэгтэй.

Тиймээс энэхүү зорилгоор Монгол Улс "Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил - 2026" (IYRP 2026) санаачилгыг НҮБ-ын түвшинд батлуулсан. Талуудын 17 дугаар бага хурлын үеэр бид энэхүү санаачлагаа баталгаажуулж "Ирээдүйн төлөөх бэлчээрийн олон улсын эвсэл" (Global Coalition for Future Rangelands and Pastoralism)-ийг байгуулах санаачлагыг эхлүүлээд байна. Энэ нь Монгол Улс дэлхий дахины ногоон хөгжлийн манлайлагч байхад томоохон хувь нэмэр оруулах эхлэл болох юм.

Талууудын 17 дугаар бага хурал нь зөвхөн хурал, хэлэлцүүлэг төдий бус, бодитой шийдлүүдийг хэрэгжүүлэх чухал тавцан байх болно.

Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монгол Улс цөлжилттэй тэмцэх, газар нутгаа нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийг хангах үүрэг, манлайллаа дахин нотолж байна. "СОР17" нь Монгол Улсад олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ногоон хөгжлийн бодлогыг дэлхий нийтэд танилцуулах томоохон боломжийг олгоно.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн газар болон олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгт талархаж байна. Бид 2026 онд дэлхийн улс орнуудыг Монгол Улсад угтан авахад бэлэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu