Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлын тухай

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 11

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц 1992 онд Рио де Жанейро хотноо болсон байгаль орчны асуудлаарх дээд түвшний уулзалтаар батлагдсан. Монгол Улс тус конвенцыг 1993 онд соёрхон баталсан.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц 198 оролцогч талтай. Конвенцын үйл ажиллагааг зохицуулах Нарийн бичгийн дарга нарын газар ХБНГУ-ын Бонн хотноо байрладаг. Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Гренада Улсын иргэн Саймон Стиел  2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр томилогдон ажиллаж байна.

Тус конвенц нь агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг тогтворжуулах замаар уур амьсгалын тогтолцоонд учирч буй аюултай, сөрөг үйл ажиллагаатай тэмцэх тухай олон талт гэрээ бөгөөд Киотогийн протокол (1997), Парисын хэлэлцээр (2015) зэрэг уур амьсгалын асуудлаарх суурь хэлэлцээрийн үндэс суур болсон.  

Япон Улсын Киото хотноо 1997 онд болсон конвенцын Талуудын 3 дугаар бага хурал (COP3)-аар Киотогийн протоколыг баталж, хөгжингүй орнуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тоон үүрэг хүлээлгэсэн нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийг шинэ түвшинд хүргэсэн гэж үздэг.

Уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдал, цаашид анхаарах асуудлыг хэлэлцдэг, хамтын шийдэлд хүрэх гол индэр болсон конвенцын Талуудын бага хурлыг 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа. КОВИД-19 цар тахлаас шалтгаалан 2020 онд өнжсөн.

Конвенцын Талуудын бага хурлын даргыг НҮБ-ын газарзүйн бүсчилсэн бүлгүүдээс ээлжлэн сонгодог. Конвенцын Талуудын 26 дугаар бага хурал 2021 онд ИБУИНХУ-ын Глазгоу хотноо, 27 дугаар бага хурал 2022 онд АБНЕУ-ын Шарм Эль-Шейх хотноо, 28 дугаар бага хурал АНЭУ-ын Дубай хотноо болсон.

Талуудын 29 дүгээр бага хурал Азербайжан Улсын Баку хотноо 2024 оны 11 дүгээр сарын 11-22-ны өдрүүдэд “Ногоон дэлхий ертөнцийн төлөөх эв нэгдэл” (In Solidarity for a Green World) сэдвийн хүрээнд болно.

Талуудын 30 дугаар бага хурал Бразил Улсын Белем хотноо 2025 оны 11 дүгээр сарын 10-21-ний өдрүүдэд болно.

Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлын үеэр болдог дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж ирсэн.

Байгаль орчин, уур амьсгалын сайд тэргүүтэй төлөөлөгчид бага хурлын үндсэн үйл ажиллагаанд оролцдог. Төлөөлөгчид бага хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд туссан асуудлуудаар Засгийн газрын байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ Парисын хэлэлцээрийн талуудын уулзалт (CMA),  конвенцын биелэлтийг хангах дэд хороо (SBI)-ны хуралдаан, Шинжлэх ухаан, техникийн зөвлөгөөний дэд хороо (SBSTA)-ны хуралдаан зэрэг арга хэмжээнд оролцдог.  

Сүүлийн жилүүдэд Талуудын бага хурлуудаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй механизмуудын үйл ажиллагаа, уур амьсгалын  өөрчлөлтийн эсрэг урьдчилан сэргийлэх уян хатан бодлого, түүнд дасан зохицсон, хохирлыг бага түвшинд барих дэд бүтэц, хөдөө аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх, нүүрсний эрчим хүчнээс татгалзах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хөрөнгө санхүү босгох, технологи, ил тод байдал, чадавх бэхжүүлэх зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд жил бүр 100 тэрбум ам.долларын санхүүжилт босгох амлалтаа хэрэгжүүлэхийг хөгжингүй орнуудад уриалж байна.

Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элчээр  Пүрэвдоогийн Батхишиг томилогдон ажиллаж байна. Тус конвенцын үндэсний зохицуулагчаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ажилладаг. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болортуяа(202.55.188.116) 2024 оны 11 сарын 11

Уриалж бнаоооо

0  |  0
dd(202.9.40.232) 2024 оны 11 сарын 11

нам төрд эрс цэвэрлгэ хувьсгал хий.асар их цаг хугацаа алджийнаа.

0  |  0
Top