СОР29 | Гэгээн ширээт улс шударга алхамд уриалав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

Гэгээн ширээт улс экологийн нэгдсэн боловсролын салбарт дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа дахин нотолж байна гэж Гэгээн ширээт улсын хамба лам Петро Паролин Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэлэхдээ мэдэгджээ.

Паролин баян чинээлэг улс орнуудад хандан “өнгөрсөнд гаргаж байсан олон ноцтой шийдвэрүүдээ” ухамсарлан, их хэмжээний өртэй улс орнуудын өрийг тэглэхийг уриалав. Тэрбээр “Энэ бол өгөөмөр сэтгэл гэхээсээ илүүтэйгээр шударга ёсны асуудал” гээд энэхүү уриалгыг Ромын Пап лам Фрэнсис өөрөө гаргасан хэмээн онцолсон байна. “Олон улс орны хөгжлийн нөөц боломж, дасан зохицох чадварыг үгүй хийсэн шийдвэр гаргахгүйн төлөө хүчин чармайлт гаргах учиртай. Эдгээр улс орон тэртээ тэргүй төлж баршгүй эдийн засгийн өрийн дарамтад байгаа” гэж Паролин цохон тэмдэглээд эдийн засгийн болон экологийн өр нь нэг зоосны хоёр тал. Түүхийн явцад бий болсон тэнцвэргүй байдал бөмбөрцгийн өмнөд хагаст илүү хурцаар мэдрэгдэж буй экологийн асуудал, хурцадмал байдалд хүргэснийг анхааруулав.

Гэгээн ширээт улсын хамба лам оролцогчдод хандан олон улсын санхүүгийн тогтолцоог хүнд чиглэсэн, эрх тэгш байдал, шударга ёс, эв санааны нэгдэлд суурилсан тогтолцоо болгон хөгжүүлэхийг уриалав. Энэхүү шинэ архитектур нь ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд илүүтэй өртөж байгаа бүхий л улс орнуудад тогтвортой, ногоон хөгжлийн замаар замнах, байгалийн баялгийг хамтран ашиглах боломжийг олгох учиртай. Тэрбээр үгийнхээ төгсгөлд бүх улс орнуудад зөвхөн өөрийнхөө ирээдүй төдийгүй бид бүгдийн нийтийн ирээдүйг хамгаалахын төлөө нийтээрээ хариуцлага хүлээхийг уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top