СОР 29 бага хурал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээний санхүүжилтийг хэлэлцэнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 11

Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 11-22-ны хооронд “Ногоон дэлхий ертөнцийн төлөөх эв нэгдэл” сэдвийн хүрээнд болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын /СОР/ 29 дүгээр бага хурлын оролцогчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээний санхүүжилтийн асуудалд гол анхаарлаа хандуулна.

Дэлхийн хамтын нийгэмлэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ой хээрийн түймэр, үер, ган гачиг, усны хомстол зэрэг байгалийн гамшигтай тэмцэх гэж хичээж байгаа энэ үед улс орнууд ногоон эрчим хүчид шилжих, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг бууруулах чиглэлд тавьсан үндэсний болон дэлхийн нийтийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тогтвортой шийдлийг эрэлхийлсээр байна. СОР29 бага хурал нь эдгээр зорилтуудад хүрэхэд тулгарч буй эдийн засгийн шинжтэй саад бэрхшээлийг даван туулахад чиглэсэн хамтын хүчин чармайлтыг хэлэлцдэгээрээ чухал ач холбогдолтой.

Уур амьсгал аюулын дохио өгч байна

СОР29 бага хурал Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээний дагуу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тухай шинэчилсэн төлөвлөгөөг 2025 оны хоёрдугаар сард танилцуулах эцсийн хугацаанаас өмнөхөн болж байна. Эл үүрэг даалгавар нь Парисын гэрээнд тусгасан дэлхийн агаарын температур нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг биелүүлэх нэн чухал ач холбогдолтой. НҮБ-ын үнэлгээгээр, агаарын температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 градусаас дээш нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр авсан улс орнуудын үүрэг даалгавар хангалтгүй байна. Дэлхийн улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого 2100 он гэхэд дэлхийн агаарын температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 2.6-3:1 градусаар нэмэгдүүлэхэд хүргэнэ гэсэн тооцоолол гарчээ. Агаар мандалд хуримтлагдсан нүүрсхүчлийн хий, метан нь дээд хэмжээнд хүрээд байгаа бөгөөд эдгээрийн 90 хувийг хатуу түлш үйлдвэрлэж байна.

СОР29 хурлын гол сэдэв – санхүүжилт

СОР29 бага хурлын үеэр хэлэлцэх чухал сэдвүүдийн нэг нь санхүүжилтийн “Хамтын шинэ тоон зорилт” төсөл юм. Тус баримт бичиг нь хөгжингүй улс орнуудын зүгээс хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь зориулж жилд 100 тэрбум ам.доллар төсөвлөх үүргийг шинэчлэх зорилготой. Уур амьсгалын шинжээчид санхүүжилтийн хэмжээ үүнээс ч өндөр байх ёстой гэж үзэж байгаа бол донор орнууд зөвхөн өөрсдийнх нь төсвөөс энэхүү санхүүжилтийг хангахын эсрэг байр суурьтай байгаа юм. СОР29 бага хурлын оролцогчид хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг бууруулах, дасан зохицоход нь туслах зорилго бүхий санхүүжилтийн эх үүсвэрийн боломжуудыг авч хэлэлцэнэ. Түүнчлэн, энэ чиглэлд Хятад болон Персийн булангийн орнуудын авах нэмэлт алхмуудыг авч хэлэлцэх хүлээлт бий.

Судалгаанаас үзвэл 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээний санхүүжилт 2.4 их наяд ам.долларт хүрэхээс нэг их наяд ам.доллар нь ногоон эрчим хүчид шилжихэд шаардлагатай.

СОР28 тохиролцоо

Дубайд 2023 онд болсон СОР28 бага хурлаар дэлхийн 200 орчим улс олборлодог түлшийг эрчим хүчний системд ашиглахаас татгалзах тохиролцоонд хүрсэн. Улмаар улс орнууд 2050 он гэхэд эрчим хүчний салбарын нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх, олборлодог түлшнээс татгалзах, эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн билээ. Гэвч дэлхийн хэмжээнд олборлодог эх үүсвэрийн ашиглалт, худалдаанд томоохон өөрчлөлт гараагүй. Саудын Араб, ОХУ, АНУ зэрэг орнууд газрын тос, байгалийн хийн олборлолтын шинэ төсөл хөгжүүлсэн хэвээр байна. СОР329 баг хурлаар илүү тодорхой арга хэмжээ авах тохиролцоонд хүрнэ гэсэн хүлээлт байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top