Монгол төрийн чадавхыг баавгай ер нь л шалгаж байна. Сошиал орчинд орохоор л алсан баавгай, алаагүй баавгай, андуурсан хүн, бариулсан хүний тухай пост цувравх болов. Баавгайг бариад авч чадахгүй хууль, эрх зүйн тогтолцоотой гэхээр өнөөгийн төрд дур гутна. Одоо бидний сэдэв баавгай биш алаагүй баавгай болсон Оюутолгойн ногдол ашгийн тухай ярина. Улсын төсвийн гурван их наяд төгрөгийг Оюутолгойн ногдол ашгаар бүрдүүлж түүнийгээ нийгмийн болон суурь дэд бүтцэд шууд зарцуулна гэж засаг уянгалсан. Нөгөө талд иргэн бүрд 857 мянган төгрөг тараая гэж Харвард шиг хөмсөг зангидаад Хогвартс шиг пядайдаг гишүүнтэй боллоо. Авчиг бодит байдал арай өөр байна. Захиран зарцуулах нь бүү хэл халаасанд ч орж ирээгүй мөнгийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг нь өөрөө фантаз. Одоо бүгдээрээ тогтож нэг харъя.
Алаагүй баавгай
Өргөн барьсан ч өрцөндөө өтөлж байгаа 2027 оны төсвийн төсөлд “Оюутолгой” төслийн Төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох ногдол ашгаас гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцоолсон. Тооцоо нь дандаа томдож, мөрөөдөл нь мөнчгөрөөсөө давдаг манай төрд энэ бол том тоо. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд авсан өр төлбөр, хүү нь ногдол ашиг хуваарилахад голчон нөлөөлөх хүчин зүйл. Төслийн өрийн хэмжээ болон хуваарилалтын график нь аливаа хувьцаа эзэмшигчдэд бэлэн мөнгө май гээд өгөхөд хүндрэлтэй. Бизнесийн энгийн харилцаагаар авч үзье л дээ. Оюутолгойн тухайтад гүний уурхайг бүтээн байгуулахын тулд гаднаас их хэмжээний зээл авсан байж таараа. Чухам иймээс авсан зээлээ хүүтэй нь төлж барагдуулах санхүүгийн үүрэг энэ компанид бий. Тиймээс их ашиг олсон юм чинь хувьцаа эзэмшигчдэдээ тараая гээд л шууд өгчихдөг юм биш. Эхлээд авсан өр, зээлийн үндсэн төлбөр болон хүүгээ банк, санхүүгийн байгууллагуудад төлж барагдуулах график үйлчилнэ. Өрөө төлж дуусаагүй байхад эсвэл өрийн төлбөрийн графикаас шалтгаалаад компанийн дансанд байгаа мөнгөнөөс улсын төсөвт шууд бэлэн мөнгө хэлбэрээр ороод ирэх боломж тодорхой хэмжээгээр хязгаарлагдана. Эхлээд өрөө дарна. Дараа нь үлдсэн мөнгөө хуваарилна. Гурван их наяд төгрөг авна аа гээд Ванга шиг зөгнөж бодоод яг түүнийгээ авдаг жишиг өнөө манай дэлхийд л лав алга.
Тухайн компани хувьцаа эзэмшигчийн заасан дүнгээр ногдол ашиг хуваарилдаг бизнесийн харилцаа манай дэлхийд л лав байхгүй.
Золоор өнгөрсөн жил зэсийн ханш өссөн. Их гүрнүүдийн өдөөсөн дайн, самуун л манайд өгөөжөө өгсөн нь энэ юм шүү дээ. Тиймээс ч зэсийн орлого анх удаа нүүрсийнхийг давчихсан. Шинжээчид энэ жил зэсийн ханш өндөр хэвээр байна гэж таамагласан. Таамаглал зөрчихгүй л бол ирэх онд ч өөдрөг төсөөлөл хэвээр. Гэвч дайн, самуун хэрхэн эргээд, дэлхий дахины байр байдал хэрхэхээр зэсийн ханш шууд шалтгаална. Өндөр өсөлттэй, түүнийгээ дагасан хэлбэлзэлтэй байгаа энэ цаг үед Оюутолгой төсөл төлөвлөсөн хэмжээний цэвэр ашигт нөлөөлнө. Хувьцаа эзэмшигчдэд ч энэ нь нөлөөлнө шүү дээ. Рио Тинтогийн цэвэр ашиг өнгөрсөн жил сайн байсан, энэ жил ч төлөвлөснөөс сайн байгаа гэж тайланд нь дурдсан байна лээ. Гэвч ханш гэдэг зүйл өндөрт очсон чигтээ байдаггүй нь нотлох албагүй үнэн.
“Алчихсан анчин”
Баавгай нь ирээч үгүй байхад алж идээд, бүр болоогүй алсан баавгайгаа гурван их наядаар үнэлээд байна, МАНай анчид. Анчид гурван их наядын хоёр их наядыг нь нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудалд шууд чиглүүлсэн. Эрчим хүчний салбарт 40% буюу ойролцоогоор 800 орчим тэрбэм төгрөг төсөвлөж. ДЦС V, VI 10 аймгийн төвийн станц бла, бла гээд явж өгнө. Үлдсэн 29% буюу 580 орчим тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулна. Одоо 31% үлдсэн. Ойролцоогоор 620 орчим тэрбум төгрөг. Үүнийг нь боомт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд гээд бусад салбарт зарцуулахаар болж. Дэлхийн бусад улсад ийм жишиг байдаг л даа. Норвеги, Чили, Арабын нэгдсэн эмират гээд байгалийн баялгийн өгөөжөөрөө асар том бүтээн байгуулалт өрнүүлдэг улсууд байна. Гэтэл манайд энэ бол анхны тохиолдол. Эрдэнэтийг эс тооцвол шүү дээ. Ялангуяа нэг компанийн ногдол ашгийг ийм богино хугацаанд төвлөрүүлээд, шууд төсвийн шинж чанартай төслүүдэд хөрөнгө оруулах гэж байгаа нь дотоодын нөөц бололцооны хувьд ойрд байгаагүй л зүйл юмдаг. Өөдрөгөөр харахад гүний уурхайн үйлдвэрлэлийн гарц нэмэгдэж, компанийн зээлийн дарамт буурах үе шаттай давхцаж буй нь тодорхой хэмжээний ногдол ашиг хуваарилах боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
Аливаа түүхий эдийн ханш хэлбэлзэж байдаг. Өндөр байх үед нь томоор төсөөлбөл үнэнд гүйцэгдэхийн талд том шанаа хүртэнэ.
Гэвч нэг но байна. Дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш, үйлдвэрлэлийн гарц ямар байхаас шалтгаалж 3 их наяд орж ирж ч болно. Үүнээс доогуур ч байж болно. Огт ирэхгүй ч байж болно. Огт ирэхгүй бол тэгээд дуусаа. Төсөв дахиад тодотгоно. Тодотгоод болохгүй бол гаднаас зээл авна. Бонд босгоно. Тэгээд болохгүй бол байдгийнхаа баруун хаяаг бараадна. ОУВС-ыг арваад жилийн өмнө бараадаж байлаа. Муухай царайлаад бараадаж ч болно. Болж бүтээд гурван их наяд ороод ирэг. Гэвч ийм богионо хугацаанд зах зээлд энэ их хэмжээний бэлэн мөнгө цутгах нь дотоодын зах зээл дээр бараа, үйлчилгээний үнэ өсөх, инфляцын дарамтыг иргэдийн нуруун дээр май гээд овоолж байгаагаас өөрцгүй. Юун тэр Монголбанкны мөнгөний хатуу бодлого, тооцоолсон төсөөлөл.
Буугүй анчин
Буугүй мөртлөө буудаж байснаа гайхуулах дуртай, анчин бараадаж явдаг “анчин” байдаг даа. Нэг тийм анчин МАНь ах нарт бий. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Үндсэн хуулийн 6.2-оор Оюутолгойн 3 их наядыг ард түмэнд тараавал нэг иргэнд 857 мянган төгрөг ногдоно. Таван ам бүлтэй айлаар тооцоход л дөрвөн сая!” гэж байв. Одоо ч үүнийгээ яриад, “хүмүүс” ч уухайлан дэмжээд байна. Ер нь ч тэгээд гурван их наяд төгрөгийн ногдол ашиг байлаа тэр нь бэлэн мөнгө болчихдог юм биш. Байлаа гэхэд инфляцын их өсөлт 857 мянган төгрөгийг бодит байдал дээр 85.7 мянган төгрөгөөс өөрцгүй болгоно. Уг нь энэ гишүүн Ховдоос шууд Харвард зүглэсэн юм билээ. Хэрэв Харвардад очсон бол ийм зүйл яримгүй. Баялгийн санд оруулаад мөнгийг нь өсгөөд эргэлдүүлэх мөнгө болгох аргачлалыг ярих ёстой. Норвеги бол жишээ нь томоохон компаниудын хувьцааг авч олон улсын арилжаанд оролцох замаар өсөн нэмэгдэх үнэ цэнийг бий болгодог. Түүнийгээ дэнчин тавиад том төслүүдээ хөдөлгөдөг юм. О.Батнайрамдалын одоо санаж байгаагаар бол 857 мянган төгрөгтэй тог, усгүй, цахилгаан, дулаангүй, бензин, шатахуунгүй, өөд тэмүүлэх хүсэлгүй 857 мянгаа түй гэж тоолсон хэдэн хүнтэй болгох нь.
"Иргэн бүрд 857 мянган төгрөг тараая" гэж Харвард шиг хөмсөг зангидаад Хогвартс шиг пядайдаг гишүүнтэй боллоо.
Үндсэн хуулийн 6.2 дугаар заалт буюу “стратегийн ач холбогдолтой ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох ёстой” гэсэн зарчим нь попуудын барьдаг гол хөзөр. Энэ бүх баялаг нь төгрөг болоод халаасанд орно гэсэн үг биш. Төр үүнийг нь эргэлдүүлээд өсөн нэмэгдэх үнэ цэнийг нь нэмээд ирээдүйд үр өгөөжөө өгөх томоохон төслүүдэд хөрөнгө оруулна л гэсэн санаа. Халамж болгоод өгчихвөл өнөө бидний баас, шээс, заримд нь нулимс болоод дуусна. “Юу нь мэдэгдэхгүй хөрөнгө оруулалтад оруулж, үрэн таран хийхгүй” гэж попорно лээ. Харвард байтугай Хүмүүнлэгт ч ийм юм заахгүй.
Тонгочсон баавгай
Алаад нуучих томхон баавгай 1990-ээд оны сүүлээр олдоод 2000-аад оны нүүрэн дээр бидэнд ирсэн. Бид алчих олигтой зэвсэггүй тул гаднаас анчин дуудсан. Мань хэд л эндээ алах, алуулах гэрээгээ олигтой хийж чадалгүй толхилсон болохоос анхнаасаа олон улсын хууль дүрмээрээ явсан бол үр шимийг нь мань хэд аль хэдэн оны урд эдлэх байсан юм. Гэлээ гээд яахав алах, алуулах гэрээ “худлаа” байсан юм аа, гээд сэхэл аваад ковидын үеэс хөөцөлдөж эхэлсэн.
Тонгочиж, тонгочиж манайд ирэх гэж байтал алаагүй анчид нь баавгайгаа аль хэдийгээ гурван их наядаар үнэлээд эхэллээ.
Манай сайных ч биш. Хөрөнгө оруулсан буюу хамт авлах хэд нь но байна, одоо яахав гэдгийг сөхөж хараад, асуудал дэвшүүлсэн учраас сэхээ орж, Рио Тинто нь жижиг хувьцаа эзэмшигчидтэй гэрээ байгуулахаар болсон. Түүнийг нь Монгол Улс олж хараад өөрийнхөө барьцыг лавшруулах л гэж оролдсон. Тэр нь одоо үр дүнгээ өгөх гэгээ цэлмүүлж эхэллээ. Яг энэ цаг үетэй олон улсын зах зээл зэсийн ханш өссөн нь нөлөөлж, Оюутолгойн ч гүний уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж эхэлсэн нь давхцаж байна. Манай анчид гэтэл том олз олоод толгойн дээрээ хадах өвчин нь хөдөлж. Хөдлөхдөө гурван их наяд гэж үнэлээд төсвийн төсөлдөө тусгачихсан. Уншигч та анзаарсан бол өнгөрсөн зургаадугаар сард ногдол ашгаа авъя гэсэн гарчигтай жагсаал болсныг санаж байна уу. "Ногдол ашгаа авъя өгөхгүй бол зайл" гэдэг лоозонтой энэ жагсаалд шошго болсон байдаг л хэдэн "овоо гар"-ууд жагсаж харагдсан. Жагсаалаас төд удалгүй ногдол ашгийн тухай яриа Засгийн газарт өрнөж, есдүгээр сард гар бариад гарын үсэг зурсан. Утга уянгын зохицол цаг хугацаатай яв цав таарч байгаа юм шүү...
Сэтгэгдэл ( 0 )