Японы Нагояа хотноо болж буй “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын үйл ажиллагаанд 28 мянган сайн дурын ажилтан оролцож байна. Үүнээс гадна наадмын үйл ажиллагааг зохион байгуулахад цагийн ажилтнуудыг нэмэлтээр ажиллуулж байгаа юм.
Боксын тэмцээн болж буй “Нишио” спортын ордонд Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг монгол оюутан М.Энхтуяа цагийн ажилтнаар ажиллаж байгаатай таарлаа.
Тэрбээр Нагояа технологийн их сургуульд архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр суралцдаг. Монгол Улсад архитектурын мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцаж, 2+2 хөтөлбөрийн хүрээнд сүүлийн хоёр жилээ Монгол, Японы хамтарсан хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцжээ.
Нагояа хотод амьдраад нэг жил болж буй М.Энхтуяа анх Азийн наадмын талаар төдийлөн мэдээлэлгүй байсан ч Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн тэмцээний талаарх мэдээллийг уншсанаар наадмын талаар илүү дэлгэрэнгүй сонирхож эхэлсэн байна.
Ингээд Азийн наадмын үеэр ажиллах цагийн ажилтны сонгон шалгаруулалтад материалаа илгээж, тэнцсэнээр наадмын албан ёсны дэлгүүрт ажиллаж эхэлжээ. Тэрбээр ийнхүү наадмын хоёр дахь өдрөө ажиллаж байна.
М.Энхтуяа сэтгэгдлээ хуваалцахдаа:
“Монголын гурван тамирчин медалийн төлөө тоглож байгаа энэ зааланд, тэдний хажууханд ажиллаж, наадмын үйл ажиллагаанд нэгдэн, тусалж байгаадаа баяртай байна. Түүгээр зогсохгүй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон монгол тамирчид, монгол ах, эгч нартайгаа өнөөдөр боксын тамирчдадаа урам зориг өгөхөөр ирэхэд нь таарч уулзан, цөөн хором ярилцсандаа баяртай байна. Ерөнхий сайдтай хамт зургаа даруулж, сурлагын амжилт хүссэнд маш их баярласан” хэмээн ярьжээ.
Ийнхүү Япон улсад суралцаж буй монгол оюутан М.Энхтуяа Азийн наадмын арын албанд ажиллан, Монголын тамирчдаа дэмжихийн зэрэгцээ олон улсын спортын томоохон арга хэмжээний зохион байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж байна.


Сэтгэгдэл ( 0 )