Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн нийт гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 90 хувьтай байна. Төслийг 12 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Яармаг–Хархорин чиглэлд хэрэгжиж буй тус төсөл нь 4.2 км урт, хоёр өртөөтэй бөгөөд нийт 98 кабинаар цагт 2,320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай.
Төслийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд одоо аюулгүй ажиллагааны тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна. “Моннис инженеринг” ХХК-ийн төслийн менежер Б.Мөнхбаясгалангийн мэдээлснээр, механик угсралтын ажил бүрэн дуусаж, 12 дугаар сарын 15 гэхэд иргэдийг тээвэрлэхэд бэлэн болох аж.
Төслийн хүрээнд Францын “Пома” групп, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц” ХХК-ийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна. Мөн зорчигчдод үйлчилж эхлэхэд шаардлагатай 48 дүрэм, журмыг хүлээн авч, монгол хэл рүү орчуулах ажил үргэлжилж байгаа юм.
Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр төслийг улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж, ашиглалтад оруулахтай холбоотой мэдээллийг иргэдэд урьдчилан хүргэх шаардлагатайг онцоллоо.





Сэтгэгдэл ( 2 )
Дүн өвлөөр туршилтын туулайнууд л тэрэнд нь суух байх даа
Сар сараар хойшлоод бгаашүү