ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаков 2026 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсад ирсэн Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаков ОХУ-ын цэргийн техникийн тусламжийн хүрээнд тус улсын Зэвсэгт хүчинд инженерийн техник хэрэгслийн засвар, техникийн үйлчилгээний төв болон засварласан цэргийн инженерийн техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд оролцлоо.
Тус төвийг “Транском” ХК барьж байгуулсан бөгөөд засварын ажлыг “ДВ Регион” ХХК гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаков болон төлөөлөгчдийг Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Д.Батлут Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож буй үеэр энэхүү уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэл, сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа батлан хамгаалах салбарт амжилттай гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв.
Айлчлалын хүрээнд 2027–2031 онд цэргийн салбар дахь Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурсан нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болсныг онцлон, уг хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд салбарын сайдын хувьд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн энэ онд амжилттай зохион байгуулагдсан Халхын голын байлдааны талбар дахь хамтарсан эрэл, хайгуулын экспедиц болон “Сэлэнгэ-2026” хээрийн сургууль, манай Зэвсэгт хүчний цэргийн баг оролцож буй “Центр-2026” стратегийн команд-штабын сургуулийн ач холбогдлыг өндрөөр үнэллээ.
Мөн ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуулиудад Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, сонсогчдыг буцалтгүй тусламжаар сургаж, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлсэн юм.



Сэтгэгдэл ( 0 )