Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо зохион байгуулагдсан Орос, Монголын залуучуудын хоёрдугаар чуулга уулзалт амжилттай болж өндөрлөв.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй нар хүндэт зочноор оролцсон бол Оросын талыг Москвагийн Технологийн Их Сургууль (МИРЭА)-ийн Олон улсын улс төрийн дэд сургуулийн дэд захирал Д.А.Соколова төлөөлөн оролцжээ.
Тус чуулга уулзалт нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд анхдугаар уулзалт нь 2025 оны арванхоёрдугаар сард Москва хотноо болж өнгөрсөн. Энэ удаагийн арга хэмжээнд Орос, Монгол улсын бүс нутгуудын олон нийтийн байгууллагын идэвхтнүүд, оюутан залуус, эрдэмтэн судлаачид зэрэг хоёр талын залуучуудын 25 төлөөлөгч тус тус хамрагдсан байна.
Чуулга уулзалтын үеэр оролцогчид ногоон эдийн засаг, залуучуудын бодлого, цахим шилжилт зэрэг салбарын төслүүдээ танилцуулж, хоёр талын харилцааг олон чиглэлээр хөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцлээ.
Уг арга хэмжээг Оросын талаас Москвагийн Технологийн Их Сургууль (МИРЭА), Монголын талаас Монголын Залуучуудын Холбоо тус тус зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )