Тавдугаар сарын 28-ны мягмар гарагт Испани, Ирланд, Норвегийн эрх баригчдын Палестиныг улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес хэлэхдээ “Энэ нь израилчууд болон палестинчуудад энх тайван тогтооход тусална” гэв. Палестинаас ОХУ-д суугаа Элчин сайд Абдельхафиз Нофал хэлэхдээ “Бельги, Люксембург, Португал, Словени зэрэг улсаас ийм шийдвэр гарах төлөвтэй байна” гэлээ. Ийнхүү Европын орнууд мөргөлдөөнийг хоёр улсын зарчмаар шийдвэрлэхийг дэмжиж байгаа ч энэ нь Израилийг палестинчуудын эсрэг явуулж буй цэргийн кампанит ажлаа багасгаж, улс төрийн зохицуулалтад оролцохыг албадах магадлал багатай гэж шинжээчид тэмдэглэж байна.
Испанийн Засгийн газар Палестиныг улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн, Ерөнхий сайд Педро Санчес хэвлэлийн бага хурал дээр энэ тухай “Энэ бол Израил, Палестинд энх тайван тогтооход туслах цорын ганц зорилго, түүхэн шийдвэр” гэж хэлэв. Норвег, Ирландын Засгийн газраас Палестин улсыг хүлээн зөвшөөрөх шийдвэрүүд мөн хүчин төгөлдөр болсон. Ирландын Засгийн газрын тэргүүн Саймон Харрис Палестиныг хүлээн зөвшөөрөх нь Израилтай зөрчилдөөнийг шийдвэрлэх хоёр улсын шийдлийг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр “Энэ бол чухал мөч бөгөөд хоёр улсын хооронд арга замын бодит алхмууд байгаагийн дохиог дэлхий дахинд илгээж байна гэж би бодож байна” гэжээ.
Мадридын энэ алхмын хариуд Израилийн Гадаад хэргийн сайд Исраэл Катц П.Санчесыг еврейн ард түмнийг хоморголон устгах ажиллагааг өдөөн хатгасан хамсаатан гэж буруутгав.
Тусгаар тогтнол
Испани, Норвег, Ирландын шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа НҮБ-ын гишүүн 193 орноос 145 гаруй нь Палестин улсыг хүлээн зөвшөөрчээ. Палестинаас Орост суугаа Элчин сайд Абдельхафиз Нофал хэлэхдээ “Ойрын хугацаанд Бельги, Люксембург, Португал, Словени улс хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна. Словени үүнийг хүлээж байна гэсэн. Удахгүй Люксембург тэсэн ядан хүлээж байна. Бид Бельги, Португалийг хүлээж байна. Европчууд ямар нэг зүйл болохгүй байгааг ойлгож эхэлсэн” гэжээ. Өмнө нь Израил, Испани, Норвег, Ирландаас Элчин сайдуудаа татсан бөгөөд Гадаад хэргийн сайд Исраэл Катц “Тэд өөрсдийн үйлдлээрээ ХАМАС-ын дайчдыг болон тэднийг дэмждэг Ираныг шагнаж урамшуулж байна” гэж онцолжээ.
Мөн Европын зарим орон Палестиныг хүлээн зөвшөөрснийг АНУ өмнө нь буруутгаж байсан. Ерөнхийлөгч Жо Байден Палестин-Израилийн мөргөлдөөнийг хоёр улсын зарчмаар шийдвэрлэх нь бусад орны нэг талын үйл ажиллагаанаас илүү талуудын хэлэлцээний үр дүн байх ёстой гэжээ. Тэгвэл ОХУ “ЗСБНХУ-ын хууль ёсны залгамжлагчийн хувьд Палестиныг хүлээн зөвшөөрч, энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолд нийцэж байгаа бөгөөд асуудлыг хоёр улсын зохицуулалтын үндсэн дээр шийдвэрлэх хандлагатай нийцэж байна” гэж мэдэгдэв. ОХУ цаашид ч үүнийгээ дагаж мөрдөх бодолтой байна.
1988 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Палестины Үндэсний зөвлөлийн хурлаар Палестин улсыг тунхагласан. Палестины газар нутаг гэвэл Баруун эрэг бөгөөд Израил болон Иорданы дунд оршино. Мөн Газын зурвасыг хэлнэ. Гэвч энэ нь бас төвөгтэй. НҮБ-ын 135 улс Палестиныг тусгаар тогтносон гэдэг. Харин бусад нь, жишээлбэл АНУ, Израил зэрэг улс үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.
Израил, Палестины гол асуудал
Одоог хүртэл үргэлжилж буй Израил, Палестины гол асуудал нь, Палестины дүрвэгсдийн асуудлыг яах вэ, энэ хэвээр хэдэн үеэрээ орон гэргүй орхигдон тэнүүчилсээр байх уу, Баруун эрэг дэх эзлэгдсэн еврейн суурингуудыг хэрхэх вэ, тэднийг тэр хэвээр нь үлдээх үү, эсвэл зайлуулах уу, Иерусалимыг хоёр тал хэрхэн хуваах вэ, хуваах нь зөв үү, Израил улс нэгэнт тусгаар тогтнолоо зарласан бол Палестиныг яах ёстой вэ, Израилийн хажууд байгуулах уу, яах уу зэрэг юм. Энэ бүх асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
Тель-Авив палестинчуудтай мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэхийг тууштай, эрс үгүйсгэж байгаа бөгөөд энэ нь өөрсдийн улсыг байгуулж, хүлээн зөвшөөрөх гэсэн үг юм. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Палестин улс гэж байх ёсгүй, Иордан голын баруун талын бүх газар нутгийг Израилийн мэдэлд байлгах ёстой” гэж удаа дараа хэлсэн.
2024 оны нэгдүгээр сард энэ асуудлаар тэрбээр Жо Байдентай АНУ-д уулзах үеэрээ “Палестин улсыг хөгжүүлэхээс сэргийлэхийн тулд 30 жил ажилласан” гэж онцолсон гэх.
Тогтворгүй байдлыг багасгах
Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх Европын улс орнуудын тоо нэмэгдэж байгаа нь ХАМАС-тай мөргөлдөөнд орсон Израилийн статусыг шинэчилж буйг харуулж байна гэж шинжээчид тэмдэглэв. Европт Тель-Авивын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдал нэмэгдэж байна гэж шинжээч тэмдэглэжээ. Палестин-Израилийн мөргөлдөөнийг хоёр талд шийдвэрлэхэд Палестиныг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үйл явц зайлшгүй шаардлагатай аж. Олон улс Палестин болон түүний ард түмний улсаа, өөрийгөө тодорхойлох эрхийг хүлээн зөвшөөрөх тусам цэрэг-улс төрийн удирдлагатай Израилийн зэвсэгт хүчний үйл ажиллагаа, ялангуяа сүүлийн үеийн дайсагнасан үйл явдлуудтай тулгарах болно. Рафах дахь үйл явдал нь НҮБ-ын бүх зарчмыг шууд зөрчиж буй.
Гэсэн хэдий ч Палестиныг олон улсад хүлээн зөвшөөрснөөр Тель-Авивыг палестинчуудын эсрэг явуулж буй цэргийн кампанит ажлаа зогсооход хүргэхгүй гэж судлаач нар үзэж байна. Палестиныг НҮБ-ын гишүүн 140 гаруй улс аль хэдийн хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Газын зурваст болж буй үйл явдал болон Палестины ард түмний талаарх Израилийн бодлогод ямар ч байдлаар нөлөөлөхгүй аж.
Испани, Ирланд, Норвег улс мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа онцолж буй. Эдгээр улс терроризмыг буруутгаж, ХАМАС нь бүхэлдээ Палестин биш гэдгийг онцолж байна. Үүний зэрэгцээ зөвхөн Израил л цэргийн кампанит ажлаа зогсоож, мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэх арга замыг бүрэн хэрэгжүүлж чадах аж.
Дэлхий нийт Палестиныг хүлээн зөвшөөрч чадах ч цөөхөн хүн энэ мөргөлдөөнийг цэргийн бус аргаар шийдвэрлэхийн тулд Израилд шахалт үзүүлж чадна гэж зарим судлаач бичжээ. Ерөнхийдөө цэрэг, улс төрийн хамгийн том холбоотон АНУ хүртэл үүнийг хийж чадахгүй гэнэ. Арми нь Газын зурвас, Рафах руу дайрч, палестинчууд тэднийг зогсоож чадахгүй байгаа тул Израил хүчирхэг байр суурьтай байна. Израил энэ хандлагаа өөрчлөх хүртэл хоёр төрийн шийдлийг хэрэгжүүлэх боломжгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )