НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израил-Палестины асуудлыг ХЭЛЭЛЦЭВ

2024 оны 01 сарын 25

- Мөргөлдөөн сунжрах төлөвтэй байна -         

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр Ойрх Дорнод дахь нөхцөл байдлын асуудлаар хуралдлаа. Палестины асуудлыг оролцуулан Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар ярилцах үеэр хурлыг даргалагч Францын талаас бусад улсын төлөөлөгчдөд хандан “Та бүхний оролцоо өнөөдрийн хэлэлцэх сэдвийн чухлыг илтгэх болно” гэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш хурлын эхэнд хэлсэн үгэндээ “Израилийн энгийн номхон ард иргэд ХАМАС-ын Израилийн эсрэг террорист ажиллагаанаас болж амиа алдсанаас хойш 100 гаруй өдөр өнгөрлөө. Ард иргэдийг санаатайгаар хөнөөж, бэлгийн хүчирхийлэл, дарамт үзүүлж байгаа явдлыг юу ч зөвтгөж чадахгүй... Олзны хүмүүстэй хүнлэг хандах хэрэгтэй. Олзны хүмүүсийг суллахыг шаардаж байна” гэсэн юм.

Израил улс уржигдар хоёр сарын зогсолт авах санал гаргасан ч ХАМАС татгалзсан билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга түүнчлэн Израилийн хүчний ажиллагаагаар эмэгтэйчүүд, хүүхдүүд олноороо амиа алдсаныг онцоллоо. Газын оршин суугчид сүйрэл дунд байгааг хэлэв. Газын зурваст хүмүүнлэгийн нөхцөл байдал хүнд, палестинчууд халаалтгүй, хүнлэг бус нөхцөл байдалд, эрүүл ахуйн хүнд нөхцөлд амьдарч байгаа аж. Өлсгөлөн газар авч байна...

Сүүлийн үед Газын зурваст Хан-Юнис рүү чиглэсэн байлдааны ажиллагаа явагдаж, тус зурваст эрүүл мэндийн тогтолцоо уналтад орсноор өвчнүүд тархаж эхэлжээ. Газын оршин суугчид зөвхөн бөмбөгдөлтөөс бус халдварт өвчнөөс болж амиа алдаж байгааг А.Гутерреш хэллээ. Түүний хэлж буйгаар Газын зурвас дахь 36 эмнэлгээс 16 нь л үйл ажиллагаа явуулж байна.

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал зохицуулах газрын илтгэлд дурдсанаар, Израилийн Батлан хамгаалах арми 2023 оны аравдугаар сарын 7-ны үйл явдлаас хойш Баруун эрэгт палестинчуудын 115 байшинг сүйтгэжээ. Палестины төлөөлөгч НҮБ-ын хурал дээр хэлэхдээ “Бид хүнлэг бус, маш аймшигтай нөхцөл байдалд амьдарч байна. Газын зурвасын өмнөд хэсэгт талх маш үнэтэй болж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнс худалдаж авахад хүнд болсон. Бүх хүчин чармайлтыг үл харгалзан хүмүүнлэгийн тусламж хангалтгүй байгаа” гэв.

Тэрбээр хүмүүнлэгийн зогсолт авахыг дэмжээд “Байлдааны үйл ажиллагаа нь эд хөрөнгө болон иргэдийг олноор нь хоморголон устгаж, өлсгөлөн, өвчинд хүргэж байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа хүн ард ингэж олноороо хорогдож байгаа тохиолдол болж байна. Палестинчуудын эрх, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөггүй. Та бүхний заримд нь ийм үг таалагдахгүй байх..., гэхдээ палестинчуудыг илүү гэж үзэж байна. Бид ийм л нөхцөл байдалд амьдарч байна” гэлээ.

Б.Нетаньяху болон Израил хууль бус үйлдлээ олон нийтийн өмнө зарлаж байна хэмээн Палестины төлөөлөгч үзээд “Бидний үйлдэл шударга. Ард түмэн аюулгүй, хэвийн орчинд амьдрах эрхтэй. Хөгжих, үр хүүхдээ аюулгүй өсгөх эрхтэй. Олон улсын хууль, шүүхийн дагуу израилчууд бусармаг үйлдлээ зогсоож, хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм. Тэрбээр палестинчуудыг болон олон улсын байгууллагуудыг үл хүндэлж буй энэ үйлдэл дахин хэзээ ч давтагдахгүй гэдэгт итгэж буйгаа хэлэн яриагаа дуусгалаа.

Хоёр дахь Холокост

Тэгвэл Израилийн талаас “Ойрх Дорнодод хорт хавдар дэгдээд байна. 18 жилийн өмнө бид хамтдаа хөгжихийг хичээхэд палестинчууд ХАМАС-ын төлөө саналаа өгсөн... Аравдугаар сарын 7-нд ХАМАС хүүхдүүд, эмэгтэйчүүдийг зэрлэгээр хөнөөж, хөгшидийг ч барьцаалан авсан. ХАМАС засгийн эрхэнд үлдэж, түүний үйл ажиллагаагаар Израил дахин Холокосттой тулгарсан” гэлээ.

Холокост нь Адольф Хитлерийн удирдаж байсан нацист Герман, түүний холбоотнууд, түүний талд ажиллагсдын хэрэгжүүлсэн төрийн дэмжлэгтэйгээр еврейчүүдийг системтэй устгах хөтөлбөрийг тодорхойлоход хэрэглэдэг нэр томъёо юм. Дэлхийн хоёрдугаар дайны явцад Европын 6 сая орчим еврейг аймаглан устгасан эмгэнэлт явдал болсон билээ.

Хавчилт шахалт, аймаглан устгах явдлыг үе шаттай явуулжээ. Еврейчүүдийг нийгмээс зайлуулах хууль Дэлхийн хоёрдугаар дайн гарахаас олон жилийн өмнө батлагдсан аж. Бөөнөөр хорих лагерууд байгуулагдаж, хоригдлуудыг туйлдаж буюу өвдөж үхэх хүртэл нь боолчлон ажиллуулж байв. Еврей болон цыгануудыг ачааны галт тэргээр бөөнөөр хорих лагерь руу ачих хүртлээ геттонуудад бөөгнүүлж байжээ. Хорих лагерь хүрэх хэцүү бэрх замыг туулж амьд мэнд хүрсэн хоригдлуудын олонхыг хийн камерт хордуулж хөнөөж байсан гэдэг.

Өмнөд дэх ажиллагаа

Израил Газын зурвас дахь ажиллагаагаа өмнөд хэсэгт үргэлжлүүлж байгаа юм. ЦАХАЛ-ын Газын зурвасын өмнөд хэсэг дэх ажиллагаа нь хойд хэсгийн ажиллагаанаас багагүй хүчтэй байх аж. Тель-Авив Газын зурвасыг цэвэрлэхтэй зэрэгцэн Хан-Юнис болон Рафах хот дахь ажиллагаан дээр төвлөрч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Зарим дүгнэлтээр хэт даврагч ХАМАС бүлэглэлийн эсрэг ажиллагаа нь нэг жилээс илүү хугацаанд сунжрахаар байгаа аж. Израил өмнө нь палестинчуудыг шахан гаргаж байсан Газын зурвасын өмнөд хэсэгт цэргийн ажиллагаа үргэлжилвэл энгийн номхон иргэдийн амь нас эрсдэх болно гэж шинжээчид үзэж байна. Газын зурвасын хойд хэсэгт явуулсан ажиллагаанаас дутахааргүй үр дүнг өмнөд дэх ажиллагаа авчрах гэнэ.

Байлдааны ажиллагаа дахин эхэлснээс хойш Израилийн арми ХАМАС-ын хэд хэдэн командлагчийг устгасан. Израилийн цэргийн хүчнийхэн Газын зурвасын өмнөд хэсэгт цохилт өгөхгүй гэсэн амлалт өгөөгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Тель-Авив ажиллагааныхаа өмнө зурвасын хойд хэсэгт амьдардаг палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ.

Тель-Авивын Газын зурвас дахь ажиллагааны хоёр дахь үе шат 2024 оныг дуустал үргэлжилж магадгүй байгаагаас гадна Израилийн бусад дайн, ажиллагаанаас ялгаатай нь энэ мөргөлдөөн тодорхой төгсгөлгүй байж магадгүй гэж зарим шинжээч үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top