Монгол Улсын Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн 2027 оны улсын төсвийн төслийг энэ сарын 13-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталлаа.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ирэх оны төсөвт туссан иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, татварын бодлого, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, үйлдвэрлэл болон эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлийн 14 онцлох шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр улсын төсөв нь зөвхөн тоо, санхүүгийн үзүүлэлт бус, иргэдийн амьдрал, өрхийн орлого, нийгмийн үйлчилгээтэй шууд холбоотойг онцлоод, хөдөлмөр эрхэлж буй иргэдээ дэмжих, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, татварын ачааллыг бууруулахад чиглэсэн төсөв батлагдсаныг тэмдэглэв.
2027 оны улсын төсвөөс онцлох 14 шийдвэр:
1. Тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 562 мянган хүний тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. Мөн энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс 430 мянган ахмад настанд шинээр олгож эхэлсэн 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэврийг үргэлжлүүлэн олгоно.
2. Халамжийн тэтгэвэр 600 мянган төгрөг болно
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 600 мянган төгрөгт хүргэнэ. Ахмад настны халамжийн тэтгэврийг 168 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, мөн 600 мянган төгрөг болгоно.
Түүнчлэн асаргааны тэтгэмжийг 370 мянга, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэний тэтгэмжийг 524 мянган төгрөг болгожээ.
3. Хөдөлмөр эрхэлж буй иргэдэд 1.3 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлнэ
Иргэдийн сарын цалингийн 792 мянган төгрөг хүртэлх хэсгийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө. Ингэснээр нэг иргэн жилд нэг сая төгрөг хүртэлх орлогоо өөртөө үлдээх боломж бүрдэнэ.
Засгийн газрын тооцооллоор ирэх онд нэг сая орчим иргэнд татвар, шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж, нийт 1.3 их наяд төгрөгийн татварын ачааллыг бууруулах аж.
4. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ
Төрийн үйлчилгээний салбарын эмч, багш, хөдөө аж ахуй, соёл, спорт, цаг уурын байгууллагын ажилтнуудын үндсэн цалинг 2027 оны хоёрдугаар улирлаас 10 хувиар нэмэгдүүлнэ.
Харин төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг дөрөвдүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Уг шийдвэрт нийт 213 мянга гаруй төрийн албан хаагч хамрагдана.
5. Боловсролын салбарт 928 тэрбум төгрөг зарцуулна
2027 онд улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байр шинээр барих ажлыг эхлүүлнэ.
Мөн хөдөө орон нутагт Кембрижийн хөтөлбөртэй, ногоон, Google лаборатори бүхий болон төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 194.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зургаа, долоодугаар ангийн сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт шинээр хамруулна.
6. Эрүүл мэндийн салбарт 264.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
Улсын төсвөөс эрүүл мэндийн салбарын 69 төсөлд 264.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Үүний хүрээнд улсын хэмжээнд 44 эмнэлгийг шинээр барих, өргөтгөх, засварлах ажил хийгдэнэ.
Тухайлбал, Зүрх судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, Эх нялхсын эмнэлгийн өргөтгөл, Улсын гуравдугаар төв эмнэлгийн шинэчлэлийн ажлууд багтаж байна.
Мөн ахмад настнууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зүрх судас, чихрийн шижин, даралтны эмээ эрүүл мэндийн даатгалын сангийн 100 хувийн хөнгөлөлтөөр авах боломжтой болно.
7. Аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулна
Жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлнө. Өмнө нь уг хөнгөлөлт 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой компаниудад үйлчилж байв.
Мөн жилийн 6-10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварын хэмжээг 25 хувиас 15 хувь болгон бууруулна.
НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, татвар төлөх хугацааг хоёр сар хүртэл хойшлуулах боломж бүрдүүлнэ. Түүнчлэн гарааны бизнесийн эхний гурван ажилтны ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг гурван жилийн хугацаанд чөлөөлөхөөр болжээ.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд зургаан мянга гаруй бизнес эрхлэгч жилийн 10 хувийн хүүтэй зээлд хамрагдана.
8. 16 мянган өрхийг орон сууцтай болгох зорилт тавилаа
Орон сууцны санхүүжилтэд 1.8 их наяд төгрөгийн эх үүсвэр нэмэгдүүлж, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлнэ.
Ипотекийн зээлийн санхүүжилтэд гадаад, дотоодын эх үүсвэрээс 500 сая хүртэлх хэмжээний зээлийн санхүүжилт татахаар төлөвлөжээ.
Мөн хувийн хэвшлийн оролцоотойгоор эхний гурван жилд зургаан хувийн, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй зээлийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, урьдчилгаа төлбөрийн босгыг бууруулна. Түрээслээд өмчлөх, хамтран өмчлөх зэрэг сонголтыг бий болгохын зэрэгцээ орон сууцаа анх удаа худалдсан тохиолдолд хоёр хувийн татвараас чөлөөлөхөөр болжээ.
9. Дэд бүтэц, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад 11 их наяд төгрөг зарцуулна
Улс, орон нутгийн төсөв болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зэрэг эх үүсвэрээр нийт 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай төслүүд хэрэгжүүлнэ.
Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 943 төсөлд дөрвөн их наяд төгрөг зарцуулах бөгөөд 435 төсөл шинээр эхэлж, 508 төсөл үргэлжлэн хэрэгжинэ.
Зам, тээврийн салбарт 910.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 36 төсөл хэрэгжүүлж, нийт 375 км авто зам шинээр барихаар төлөвлөжээ. Тухайлбал, Увс аймгийг Ховдтой холбох 163 км, Завхан болон Говь-Алтай аймгийг холбох 198 км зам барина.
10. Эрчим хүчний хүчин чадлыг 800 МВт-аар нэмэгдүүлнэ
Эрчим хүчний салбарт 800 МВт-ын хүчин чадал нэмэх зорилт тавьж, ТЭЦ-5, ТЭЦ-6 цахилгаан станц болон цахилгаан дамжуулах шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.
Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлэхээр төлөвлөжээ.
11. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлнэ
Монгол Улсын түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор баруун бүсэд арьс ширний үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлнэ.
Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарч, ноос, ноолуур, мах, сүү, арьс шир зэрэг малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулан, ажлын байр болон экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байна.
12. Экспортын орлогыг 20 тэрбум ам.долларт хүргэнэ
Монгол Улсын экспортын орлогыг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ.
Энэ хүрээнд Евразийн эдийн засгийн холбооны таван улсын зах зээлд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлохын зэрэгцээ Хавирга, Бичигт, Цагаандэл-Уул, Булган, Цагааннуур зэрэг боомтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ.
Төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдэд 3,000 гаруй аж ахуйн нэгж оролцож, 90 мянга гаруй ажлын байр бий болгох тооцоололтой байна.
13. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулна
“Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үе шаттайгаар эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэд хувьцаагаа өвлүүлэх, бэлэглэх, арилжих, хадгалах, худалдаж авах эрхээ эдлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Энэ хүрээнд олон улсын аудитын байгууллагаар компанийн санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэж, хувьцааны үнэлгээг эхлүүлэх, нээлттэй компани болгох ажлыг хэрэгжүүлнэ.
Мөн төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах, үйл ажиллагааны үр дүнг жил бүр үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ. Төрийн өмчит компаниуд цэвэр ашгийнхаа 30-аас доошгүй хувийг ногдол ашигт хуваарилах зарчмыг баримтлахаар болжээ.
14. Орон нутгийн төсвийн зарцуулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 50 хувийг иргэдийн санал, сонголтод үндэслэн зарцуулж, үлдсэн 50 хувийг тухайн орон нутаг өөрийн тулгамдсан хэрэгцээнд зориулна.
Түүнчлэн агаарын бохирдлын төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, бохирдлыг бууруулах ажилд зарцуулах боломж бүрдүүлнэ. Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, усны нөөцийг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах ажилд бодит санхүүжилт олгохоор төлөвлөжээ.
Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсөв нь иргэдийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, татварын ачааллыг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд чиглэснийг онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )