Ши Жиньпин Путин, Трамптай энэ сарын 19-нд уулзана

Я.Болор | Zindaa.mn
40 минутын өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай энэ сарын 19-нд Шэнжэн хотноо уулзана гэж БНХАУ-ын гадаад хэргийн яам мэдээлжээ.

БНХАУ, ОХУ, АНУ-ын гурван талт дээд хэмжээний уулзалтыг АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд явуулах тохиролцоонд хүрлээ гэж мэдэгдэлд онцолсон байна.

Энэхүү уулзалт нь цөмийн зэвсгийн нөөцөөрөө тэргүүлдэг гурван их гүрний төрийн тэргүүн нарын түүхэн дэх анхны гурван талт дээд хэмжээний уулзалт юм.

Цагаан ордны төлөөлөгч ирэх уулзалтыг түүхэн хэмэн тодорхойлоод цөмийн зэвсгийг хянах асуудал хэлэлцээний гол сэдэв байна гэж мэдэгджээ. Талууд мөн Иран, БНАСАУ-ын асуудлыг хэлэлцэж магадгүй гэсэн хүлээлт байна. Харин Украины асуудлыг хөндөхгүй гэж албан ёсоор мэдэгджээ.

Шэнжэн хотноо болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалттай холбогдуулан Гуандун мужийн хууль сахиулах байгууллагын нэмэлт бие бүрэлдэхүүнийг тус хот руу татжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр тус хотод дрон нисгэхийг хориглох бол энэ сарын эхээр Шэнжэний засгийн газар шаардлагагүй тохиолдолд автомашины дуут дохиог ашиглахыг хориглоод байна.

Хятадын Шэнжэн хотноо энэ сарын 18-19-нд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад 21 орны төр, засгийн тэргүүн нар оролцоно.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top