Филиппиний нийслэл Манила хотноо Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалт эхэлжээ.
АСЕАН-ы 49 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Ойрх Дорнодын нөхцөл байдал тус бүс нутгийн иргэдийн аюулгүй байдалд аюул учруулж, тээврийн харилцааг холбоо, эрчим хүчний эх үүсвэр, хүнсний нийлүүлэлтийг тасалдуулж буйг онцлон тэмдэглэжээ. Энэ үед АСЕАН-ы гишүүн орнууд чухал шийдвэрүүдээ гаргах ёстой гэв.
Түүний хэлснээр, энэ онд АСЕАН-ы орнууд хүний наймаа, цахим гэмт хэрэг, онлайн залилан болон бусад хэлбэрийн үндэстэн дамнасан заналхийлэлтэй тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлээд байна.
Түүнчлэн, Филиппиний худалдаа, аж үйлдвэрийн сайд Кристина Рокегийн мэдэгдснээр, АСЕАН-ы орнууд дижитал эдийн засгийн хэлэлцээрийн хүрээнд бүс нутгийн хэмжээд төлбөр тооцоогоо үндэсний валютаар хийх боломжийг хэлэлцэж байна.
Талууд энэ сарын 14-нд дижитал эдийн засгийг хөгжүүлэх тухай хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээр цахим худалдаа, төлбөр тооцоо, хил дамнуулан мэдээлэл солилцох, хувийн мэдээллийг хамгаалах, цахим аюулгүй байдлыг хангах зэрэг салбарыг хамарч байна. Хэлэлцээрийг 2027 оноос хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна.
Энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын эхний өдөр Мяьнмарын энхийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, эрчим хүчний аюулгүй байдал, Индонезийн ойн түймрийн утаатай тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )