АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт болж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 27

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо /АСЕАН/-ны дээд хэмжээний уулзалт эхэллээ.

Түүхэндээ 1976 оноос хойш болж буй анхны хамгийн өргөн цар хүрээтэй уулзалтад АСЕАН-ы гишүүн орнуудын төр, засгийн тэрүүн нар мөн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян, Японы ерөнхий сайд Санаэ Такаичи, Бразилын ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва, Өмнөд Африкийн БНУ-ын тэргүүн Сирил Рамапоса зэрэг удирдагчид оролцож байна.

Энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх “Оролцоо ба тогтвортой хөгжил ” сэдвийн дор болж буй арга хэмжээнд бүс нутгийн интеграци, эдийн засгийн өсөлттэй холбоотой өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэнэ. Дээд хэмжээний уулзалтыг нээж, хэлсэн үгэндээ Малайзын ерөнхий сайд бөгөөд АСЕАН-ыг энэ онд даргалж буй Анвар Ибрагим улам бүр ширүүсэж буй өрсөлдөөн болон тодорхойгүй байдал АСЕАН-ы орнуудын эдийн засгийг сориод зогсохгүй АСЕАН-ы орнуудын хамтын ажиллагаанд итгэх итгэлийг мөн сорьж байна. АСЕАН-ы хүч нь гишүүн орнуудыг нэгтгэн холбож байгаа харилцан хүндлэл, саруул ухаанд оршиж байна гэж онцлон тэмдэглэжээ.

Үүний дараа Зүүн Тиморыг гишүүнээр элсүүлэх тухай тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болов. Азийн хамгийн залуу улс тус холбооны 11 дэх гишүүн орон болж байна.

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо 1967 онд үүсгэн байгуулагджээ. Тус холбооны эгнээнд Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам болон Зүүн Тимор зэрэг нийт 11 улс багтдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top