Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбооны /АСЕАН/ гол үүрэг нь тус блокийн орнуудын гадаад түнш орнуудтай яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг урагшлуулахад оршиж байна юм гэж Камбожийн Ерөнхий сайд Хун Сен Пномпен хотноо энэ сарын 8-13-нд болсон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр онцолжээ.
Тэрбээр өнгөрсөн дөрвөн хоногт АСЕАН-ы үүрэг, үнэт зүйлсийг бэхжүүлэх арга замын талаар өргөн хүрээний, бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлсэн гээд дээд хэмжээний уулзалтын дүнд оролцогчид 70 баримт бичгийг баталсан тухай мэдэгджээ.
Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэлхийн аюулгүй байдалд заналхийлж буй сорилтуудад анхаарал хандуулав. Тэрбээр Орос улсын Украины эсрэг хийж буй харгис, шударга бус, эзлэн түрэмгийлэх дайныг буруутгаж, БНАСАУ-ын пуужингийн туршилтуудын эрс шүүмжилжээ. Цагаан ордны тэргүүн БНХАУ-д хандан ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангахын чухлыг онцлоод Тайванийн хоолойд энх тайвныг бэхжүүлэх шаардлагатай хэмээн мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ази, Номхон далайн бүс нутаг олон арван жилийн турш АСЕАН-ы санаачилгад суурилан хөгжиж ирсэн гэж мэдэгдээд энэ хүрээнд оролцоог хангасан, нээлттэй, тэгш эрх дээр суурилсан аюулгүй байдал, хамтын ажиллагааны бүтэц бий болсныг онцолжээ.Гэвч АНУ болон түүний холбоотнууд энэхүү орон зайг эрхэндээ авахыг оролдож байна гээд НАТО Ази, Номхон далайн бүс нутагт өөрийн нөлөөгөө өргөжүүлэхийг эрмэлзэж буйг анхааруулжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийг Зүүн Ази урт хугацаанд энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг авчрахад ашиглахыг уриалав. Түүний хэлснээр, БНХАУ бие даасан энх тайванч гадаад бодлого явуулж, харилцан ашигтай стратегийг хэрэгжүүлж байна. Украины хямралын талаар, Ли Көцян Хятад улс дэлхийн бүх улсын тусгаар байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчмыг тууштай баримталж ирсэн гээд хямралын энхийн замаар шийдэх, цөмийн зэвсэг хэрэглэх, цөмийн зэвсгээр заналхийлэхийн эсрэг байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр мөн Солонгосын хойг, Мьянмар болон бүс нутгийн тулгамдаж буй асуудлаар Хятадын байр суурийг илэрхийлсэн байна.
Пномпены дээд хэмжээний уулзалт хамтарсан мэдэгдэл гаргалгүй өндөрлөв. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Индонез улс АСЕАН-ыг даргалах юм.
Сэтгэгдэл ( 0 )