Тайландын нийслэл Бангкок хотноо Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН-ы 35 удах удаагийн дээд хэмжээний уулзалт “Тогтвортой байдлын төлөөх түншлэлийг урагшлуулах нь” сэдвийн дор болж өндөрлөв. Жилд хоёр удаа зохион байгуулагддаг тус дээд хэмжээний уулзалтын үеэр Зүүн Азийн 14-р дээд хэмжээний уулзалт, АСЕАН, Хятад /10+1/, АСЕАН, Хятад, Япон, Өмнөд Солонгос /10+3/ зэрэг өргөтгөсөн уулзалтууд болов.
АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр олны анхаарлыг татаж байсан чөлөөт худалдааны шинэ бүс байгуулах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй тул хэлэлцээр байгуулах асуудлыг 2020 оны хоёрдугаар сар хүртэл хойшлуулав. Чөлөөт худалдааны бүс байгуулах санаачилгыг анх БНХАУ тавьж байв. Энэ хэлэлцээр АСЕАН-ы гишүүн 10 улс, Австрали, Энэтхэг, БНХАУ, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Японыг хамарч байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ баримт бичиг дэлхийн эдийн засгийн гуравны нэг, дэлхийн хүн амын тэн хагас нь хамрагдана гэсэн үг. Тус хэлэлцээрийн талаар Тайландын Ерөнхий Сайд Прают Чан Оча бүс нутгийн эдийн засгийн өсөлт, худалдаа, хөрөнгө оруулалтад ихээхэн хэмжээний түлхэц үзүүлнэ гэж онцолж байсан бол Хятадын гадаад хэргийн яам хэлэлцээрийг байгуулснаар Зүүн Азийн эдийн засгийн интеграцийн суурийг тавих юм гэж мэдэгдэж байв.
Хэлэлцээнд оролцсон 16 орны 15 нь чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн буйгаа илэрхийлсэн бол зөвхөн Энэтхэг улс Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл гэгдэж буй хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзсан юм. Шинжээчид Энэтхэг улс Хятадын хямд үнэтэй барааны урсгалаас болгоомжилж ийм алхам хийлээ гэж дүгнэж байгаа бол энэ хэлэлцээрээс татгалзах нь өөрийгөө тусгаарлана гэж анхааруулж байсан Энэтхэгийн тал энэхүү баримт бичиг тус улсын эрх ашигт нийцэхгүй байна гэж эцсийн мөчид мэдэгдсэн юм.
АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон АСЕАН+3 /Хятад, Өмнөд Солонгос, Япон/ уулзалтаар талууд тус бүс нутагт стратегийн итгэлцлийг бэхжүүлэх, терроризмын эсрэг хамтран тэмцэхийн ач холбогдлыг онцлов. АСЕАН+3 валют солилцооны олон талт механизмыг дэмжиж, жижиг, дунд үйлдвэрийн чадавхыг дээшлүүлэх, тоон эдийн засаг, ухаалаг хотын салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн, нийгэм, соёлын хамтын ажиллагаа, хүний нөөцийн хөгжил, олон улсын солилцоо, байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшиг, халдварт өвчинтэй тэмцэх асуудлыг хөндсөн байна.
Үүний сацуу талууд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал бодлоо солилцжээ.
АСЕАН-ы анхаарлын төвд эдийн засаг, олон улсын худалдааны хамтын ажиллагааны асуудал буй ч геополитикийн асуудлыг байнга хөндөж ирсэн гэж шинжээчид дүгнэж байна. Тэдний үзэж буйгаар, АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт бүр бодит байдал дээр бүс нутгийн тодотголтой, дэлхийн хэмжээний агуулгатай тоглоомын талбар. Дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт байнга ордог нь үүнийг илтгэдэг.
Ажиглагчид Бангкокт болсон арга хэмжээг геополитикийн гурван зураглалаар тайлбарлажээ. Нэгт, Хятад, АНУ хоорондын бүс нутгийн цаашдын хөгжлийг тодорхойлохын төлөөх стратегийн өрсөлдөөн.
Бүс нутгийн хөгжлийг АСЕАН, БНХАУ-ын хамтын ажиллагаа тодорхойлох уу эсвэл АНУ-ын дэвшүүлж буй Энэтхэг, Номхон далайн түншлэлд АСЕАН-ыг татан оролцуулах уу? Энэтхэг, Номхон далайн түншлэлд АНУ, Япон, Австрали, Шинэ Зеланд багтаж буй. Эхний тохиолдолд Вашингтон бүс нутагт нөлөөлөх цэрэг, улс төрийн гол хөшүүрэг, дэлхийн худалдааны нийт хэмжээний талаас илүү хувийг эзэлдэг Транс Номхон далайн тээврийн замд тогтоосон цэргийн хяналтаа алдах эрсдэлтэй. Харин хоёр дахь тохиолдолд АНУ-ын энэ бүс нутаг дахь нөлөөгөө бэхжүүлэхэд хүчтэй дэмжлэг авах юм.
Хоёрт, улам бүр бэхжиж буй Орос, Хятадын хамтын ажиллагаа Бээжин, АСЕАН-ы харилцаан дээр тулгуурлан Вашингтоны зүгээс зүтгүүлж буй далайн хувилбарыг сөргүүлж, хуурай замын тээврийн хэлбэрээр тус бүс нутагт хүчийг тэнцвэржүүлэх боломжтой. Энэ нь хоёр хэлэлцээрийг хэр хурдан байгуулахаас шалтгаална. Нэг нь Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл буюу чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээр, хоёр дахь нь Өмнөд Хятадын тэнгисийн ёс зүйн дүрэм юм.
Гурав дахь зураглалд АСЕАН-ы төлөөх Хятад, АНУ-ын тэмцлийг тусгажээ. Үүнд Бээжингийн талд зогсож буй ОХУ-аас гадна, Зүүн Азийг бүхлээр нь хамарч буй геополитикийн хүрээний захад орших Энэтхэг, Япон хамаатай. Нэг талаас, АНУ Энэтхэгийг Энэтхэг, Номхон далайн түншлэлд хамруулж байгаа бол Япон улс АНУ-ын аюулгүй байдлын бүтцэд ордог. Нөгөө талаар, Энэтхэг улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ордог. Японы хувьд Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийг зүтгүүлж буй АСЕАН+3 форматын гол оролцогч бөгөөд бүс нутагт чөлөөт худалдааны бүсийг байгуулах асуудлаар Хятад, Өмнөд Солонгостой нэгдмэл байр суурийг баримталж байгаа. Энэ тохиолдолд АНУ-ын Энэтхэг, Номхон далайн түншлэлийн суурин дээр “Дорнод НАТО”-г байгуулах геополитикийн төлөвлөгөө нурах эрсдэлтэй юм. Үүний сацуу аюулгүй байдлын асуудал дээр АНУ-тай нягт холбогдсон АСЕАН-ы гишүүн орнууд болон түншүүд өөр хоорондоо эдийн засгийн ашиг сонирхлоор холбогдож, бүс нутаг тэс өөр дүр төрхтэй болно.
АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт бүр, АСЕАН-ы хүрээнд болж буй аливаа уулзалт энэ л зураглалаар болдог гэж шинжээчид дүгнэжээ.
Вашингтон Зүүн Азийн бүс нутагт нөхцөл байдал АНУ-ын эсрэг тал руу хэлбийснийг ч гадарласан. Үүнийг АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад АНУ-ын оролцсон түвшин илтгэнэ. Барак Обама болон түүний өмнөх үед АНУ төрийн тэргүүний хэмжээнд оролцдог байсан бол өмнөх дээд хэмжээний уулзалтад АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс оролцож байсан бол энэ удаад АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен, худалдааны сайд Уилбур Росс нар оролцов. Үүнд нь ч АСЕАН-ы тэргүүн нар хариу барьсан. О’Брайены уулзалтад АСЕАН-ыг даргалж буй Тайландын ерөнхий сайд, Вьетнам, Лаосын ерөнхий сайд нар хүрэлцэн ирсэн бол АСЕАН-ы гишүүн бусад улс гадаад хэргийн сайдын түвшинд оролцсон. Уулзалтын үеэр О’Брайен Өмнөд Хятадын тэнгисийн ёс зүйн талаар “Бээжин АСЕАН-ы гишүүн улсыг хэдэн их наядаар үнэлэгдэх газрын тос, байгалийн хийн нөөцөд хүрэх гарцыг хаах замаар айлган сүрдүүлэх тактик хэрэглэж байна. Энэ арга нь олон улсын хууль дүрэм, шударга ёс, харилцан хүндэтгэх зарчимд харшилж байна” гэж онцолсон байна.
О’Брайен АНУ цэргийн хамтарсан сургуулилт хийх хэлбэрээр улс орнуудын хараат бус байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ хэмээн амласан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын 2020 онд Вашингтонд болох АСЕАН, АНУ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг гардуулжээ. Хэдэн сар бус хэдхэн долоо хоногийн хугацаа олгосон энэ арга хэмжээ бодит байдал дээр хэрэгжинэ гэдэгт шинжээчид эргэлзэж байна. Үүнийг нотлох хариуг Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте барив. Тэрбээр АСЕАН Хятад улсыг онцгой ач холбогдолтой түнш гэж үздэг бөгөөд худалдаа, эдийн засаг, далайн хамтын ажиллагаагаар дэмжлэг үзүүлж буйг сайшааж буйг цохох тэмдэглэжээ. Энэ дэмжлэгийн хүрээг илтгэсэн статистик мэдээллийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян дурдсаныг Тайландын төв хэвлэлүүд дурдсан байдаг. Мэдээллээс үзвэл, АСЕАН+3 дэлхийн ДНБ-ий 27 хувийг, дэлхийн эдийн засгийн өсөлтийн 60 орчим хувийг бүрдүүлж байна. АСЕАН-ы гишүүн орнууд Хятад улсын худалдааны түншийн жагсаалтад хоёрт бичигдэж байгаа аж.
Ийнхүү Бангкокын дээд хэмжээний уулзалт Зүүн Өмнөд Азийн төлөөх тэмцэлд АНУ өөрийн байр сууриа алдаж буйн нотолгоо боллоо гэж шинжээчид дүгнэжээ.
Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН 1967 оны наймдугаар сарын 8-нд Тайландын Бангкок хотноо үүсгэн байгуулагджээ. Тухайн үед АСЕАН-д Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин улс элсэж байсан бол хожим нь Бруней /1984/, Вьетнам /1995/, Лаос, Мьянмар /1997/, Камбож /1999/ нэгдсэн байна.Папуа Шинэ Гвиней, Зүүн Тимор онцгой ажиглагчийн статустай. Өдгөө 649.5 сая хүн ам, 2.97 их наяд ам.долларын ДНБ, 2.783 их наяд ам.долларын гадаад худалдааны нийт эргэлт бүхий АСЕАН дэлхийн томоохон бүс нутгийн байгууллагын нэг болжээ. АСЕАН-ы үйл ажиллагааны зорилго нь бүс нутгийн эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийг түргэтгэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм.
Хамтын ажиллагааны АСЕАН+3 механизм 1999 онд БНХАУ, БНСУ, Японы оролцоотой байгуулагджээ.
Сэтгэгдэл ( 0 )