Ямар ч улс Зүүн Өмнө Азийн Орнуудын Холбоо буюу АСЕАН-ыг хортой өрсөлдөөний талбар болгохыг зорих ёсгүй хэмээн Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Жакарта хотноо эхэлсэн АСЕАН-ы 43 дугаар дээд хэмжээний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ мэдэгдэв.
Тэрбээр “Бид АСЕАН хэмээх хөлөг онгоцыг бүс нутаг төдийгүй дэлхий дахины хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал, энх тайвныг сахин хамгаалах найдвар тээсэн хамтын ажиллагааны талбар болгох учиртай. АСЕАН-ы удирдагчид Зүүн өмнөд Азийн бүс нутгийг эрх мэдэл, нөлөөгөө тогтоохын төлөөх тулааны талбар болгон ашиглахыг аль ч талд зөвшөөрөхгүй гэдэгт санал нэгдсэн. Дэлхий хэмээх далай ганцаар аялахад асар том. Бидний замд АСЕАН-ы түншүүдийн “хөлөг онгоцнуудтай” таарах болно. Эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, өсөлтийн голомт руу сэлэхийн тулд гар нийлэн ажиллахыг уриалж байна” гэжээ.
Индонез улс энэ жил “АСЕАН ач холбогдолтой: Өсөлтийн голомт” сэдвийн дор АСЕАН-ыг даргалж буйн хувьд тус холбооны 43 дугаар дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад Бруней, Камбож, Малайз, Сингапур, Филиппин, Вьетнамын төрийн тэргүүн нар оролцож байна. Тайланд гадаад хэргийн сайдын түвшинд оролцож байгаа бол Зүүн Тиморын Ерөнхий сайд Шанана Гужмао ажиглагчийн хувиар оролцож байна. Тав дахь удаагаа АСЕАН-ыг даргалж буй Индонез мөн Бангладешийг Энэтхэгийн далайны орнуудын холбооны (IORA) дарга, Кука арлыг Номхон далайн орнуудын форумын (PIF) даргын хувиар урьжээ. Мьянмарын хувьд АСЕАН тус улсын улс төрийн элч нарт дээд хэмжээний уулзалтад оролцох зөвшөөрөл олгоогүй байна. Энэ нь Мьянмарын цэргийн засгийн газрын эсрэг чиглэсэн холбооны уур амьсгалтай нийцэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )