Индонезид галт уул дэлбэрсний улмаас нисэх онгоцны буудлуудыг хаажээ

Я.Болор | Zindaa.mn
10 минутын өмнө

Индонезийн Анак Кракатау галт уул дэлбэрсний улмаас орон нутгийн найман нисэх онгоцны буудал хаагдаад байна.

Мэдээллийн Антара агентлагийн дамжуулснаар, үүнээс өмнө зургаан нисэх онгоцны буудлыг хаажээ. Тухайлбал, Жакарта хотын Сукарно Хатт, Халим Перданакусумын нэрэмжит нисэх онгоцны буудлууд болон Лампунг, Бандунг, Куруг зэрэг мужуудын нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна.

Анак Кракатау галт уул баасан гарагийн оройноос эхлэн дэлбэрч, 15 мянган метрийн өндөрт үнс нурам цацагджээ. Индонезийн цаг уурын албаны мэдээллээр, галт уул дэлбэрэх нүргээнт чимээ 700 км цаана сонсогдсон байна. Хохирогчдын талаарх мэдээлэл ирээгүй байна.

Анак Кракатау галт уул өнгөрсөн долоодугаар сараас эхлэн идэвхэжсэн бөгөөд тухайн үед орон нутгийн эрх баригчид аюулын гуравдугаар түвшинг зарлаж байжээ.

1883 онд Кракатау галт уул дэлбэрэхэд 36 мянган хүн амиа алдаж байв. 1927 онд тус газар Анак Кракатау /Кракатау-гийн хүү/ галт уул шинээр бий болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top