Филиппиний Негрос арал дээрх тус улсын хамгийн идэвхтэй галт уулсын нэг Канлаон дэлбэрчээ.
Филиппиний Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэнгийн мэдээллээр, галт уул 4.5 км өндөрт үнс нурам цацсан байна. Дэлбэрэлт орон нутгийн цагаар 02.55 цагт эхэлсэн бөгөөд тав орчим минут үргэлжилжээ. Галт уулын тогооны эрмэг дээгүүр асар том үнсэн үүл үүссэн тул орон нутгийн иргэний агаарын тээврийн компаниудад галт уулын бүсэд нислэг үйлдэхгүй байхыг зөвлөсөн байна.
Мөн галт уулын идэвхжил нэмэгдсэн тохиолдолд нутгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байдлыг хангах чиглэлийг орон нутгийн эрх баригчдад өгчээ.
Канлаон галт уул нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд жуулчдын очих дуртай газруудын нэг аж. Хамгийн сүүлд 2.4 мянган м өндөр галт уул өнгөрсөн сарын 8-нд дэлбэрсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )