Исландын галт уулын аялал жуулчлалын ертөнц руу хэрхэн аюулгүй зорчих вэ?
Эйяфьядлайёкюдль галт уул Европыг утаа, үнсээр бүрхсэнээс хойш 13 жилийн дараа Исланд даяар үргэлжлэх галт уулсын бичил дэлбэрэлтүүд нь шинэ тренд бий болгосон нь галт уулын аялал жуулчлал.
Исланд нь дэлхий дээрх хамгийн идэвхтэй галт уулсын эх орон. Тэнд 3-5 жилд нэг удаа галт уул дэлбэрдэг нь халуун хайлмагт дөхөж очихын тулд юу ч хийхэд бэлэн адал явдал хайгчдыг баярлуулна.
Скандинавын арал өдгөө шинэ дэлбэрэлтэд бэлдэж байна. Хагафеллын галт уул хэзээ мөдгүй дэлбэрч эхэлнэ хэмээн Исландын эрх баригчид сэрэмжлүүлж байна. Тус улсын баруун өмнөд хэсэгт байрлах Рейкьянес хойгт хэдэн мянган удаа газар чичирхийлсээр байгаа ба Гриндавик хотын хүн амыг бүрэн нүүлгэн шилжүүлэхээр болоод байна.
Исландын оршин суугчид ийн хөдөлгөөнд ороод байгаа энэ үед аялал жуулчлалын компаниуд галт уул руу хийх аяллын захиалгад дарагджээ.
Исландын галт уулын аялал жуулчлалын хөгжил
Сүүлийн жилүүдэд идэвхэжсэн галт уулс жуулчдын сонирхлыг татах нь ихсэж байна. 2021 оны гуравдугаар сард дэлбэрсэн Фаградальсфьядль галт уул олон мянган жуулчдыг татжээ. Исландын Аялал жуулчлалын зөвлөлийн мэдээллээр, тухайн үед байгалийн үзэгдэл нийт 356 мянга гаруй жуулчдыг татжээ.
Явган хүний гол зам дагуу урт цуваа үүсэж, жуулчид орой болтол халуун хайлмаган талбайгаар алхалж, шөнийн харанхуйд үзэсгэлэнтэй харагдах галт үзэгдлийн гэрэл зургийг даржээ.
Исландын нийслэлээс 30 км зайд орших Рейкьянес хойгт газар хөдлөлт эрчимжиж, улмаар 2023 оны долоодугаар сарын 10-нд Литли-Хрутур галт уулын дэлбэрч эхэлжээ. Фаградальсфьядль уулын нэг хэсэг хагарч, халуун хайлмаг, хий цацаж эхэлжээ. Үүний дүнд дэлхийн нэн шинэ бяцхан галт уул үүсэж Литли Хрутур хэмээн нэрлэсэн байна.
Ийнхүү шинэ галт уул байгалийн нэгэн өвөрмөц үзмэр болж, түүнд хүрэх жим хүртэл гарчээ. Исландын геологийн онцлогоос үүдэн ийм төрлийн үзэгдэл нь исландчуудын өдөр тутмын нэгэн хэсэг болсон хэмээн Исландын аялал жуулчлалын газрын дарга Лина Петра Тораринсдоттир онцолжээ. Исландын бүхий л дэд бүтцийг энэ хүчин зүйлсийг тооцоолон барьдаг байна.
Галт ууланд аюулгүй аялах нь
Исландын эрх баригчид галт уулд аюулгүй аялах мэдээллийг хүртээмжтэй байлгахын тулд тэргүүн зэргийн ач холбогдол өгдөг.
Тораринсдоттирын ярьснаар, гадаад, дотоодын жуулчид галт уулын дэлбэрэлт болох газрын тухай мэдээллийг тогтмол авахаас гадна аюулгүй байдлын дүрмийн талаарх зааварчилгааг мөн байнга авдаг байна.
Аялал жуулчлалын компаниуд ашиг, орлого хөөн галт уулын тусгай аяллуудыг дуртай зохион байгуулдаг. Ингэхдээ “галт уулын ангуучид” галт уул идэвхэжсэн тухай мэдээлэл авангуутаа л “там”-ыг үзэхээр нисдэг байна.
“Discover the World” компани Фаградальсфьядль галт уулын дэлбэрэлтийг бодит цагаар үзэх боломжоор хангажээ. “Бид Исландын эрх баригчидтай нягт хамран ажилладаг ба аюулгүй байдал хангагдсан тохиолдолд галт уул руу хийх аяллыг зохион байгуулдаг” гэж тус компанийн маркетингийн захирал Жоржина Хэнкок мэдэгджээ. Тус компани байнгын үйлчлүүлэгчдийн армитай болоод байна. 1986 онд анх шууд утас ажиллуулан Исландын түүхэнд анх удаа галт уулын дэлбэрэлтийг нүдээр үзэх аяллыг санал болгож байв.
Идэвхтэй галт уулыг зориход хэр аюултай вэ?
Идэвхэжсэн галт ууланд аялах нь эрсдэлтэй. Халуун лавтай хөөцөлдөж гүйх нь бүхий л амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөсөн үйл явдал байх ч нэг л алдаа гарвал амиа алдах эрсдэлтэй.
2010-2020 оны хооронд 1143 хүн амиа алдаж байжээ. Шинэ Зеландын Уакаари галт уул 2019 оны арванхоёрдугаар сарын 9-нд гэнэт дэлбэрч эхэлсний улмаас 22 жуулчин амиа алдаж, 25 хүн түлэгдэж, гэмтэл авчээ.
Аюулгүй байдал тухай газрын онцлог, дэлбэрэлтийн төрлөөс хамаардаг гэж Исландын их сургуулийн геофизикийн профессор Магнус Туми Гудмундссон ярьж байна. Рейкьянес хойгт галт уулын дэлбэрэлт үзэхээр ирсэн ихэнх жуулчид өөрсдийн санаачилгаар ирдэг. Галт уул дэлбэрэхэд лава урсдаг ч дэлбэрэлтийн хүч нь сул байдаг бол идэвхтэй урсгал зөвхөн хоолойнд үүсдэг байна. Лаваас аюулгүй зайнд байхад тийм ч аюултай биш. Исландад аялж буй жуулчдад цаг агаар болон төөрөх л аюул байдаг гэж шинжээч тайлбарлажээ.
Идэвхтэй галт уул руу аялах ямар үр дагавартай вэ
Гэсэн хэдий Исландын галт уул бүр жуулчдад ээлтэй бус. Галт уул дэлбэрэх үеэр SO2 буюу хүхрийн давхар исэл зэрэг хорт хий ялгардаг тул уушгийг гэмтээх аюултай. 2014-2015 онд Исландад дэлбэрсэн Холухраун галт уул хүчтэй дэлбэрч, аюултай хий агаарт цацагдсан тул зөвхөн тусгай өмсгөлтэй эрдэмтэд болон онцгой байдлынхныг нэвтрүүлж байжээ.
2010 онд Эйяфьядлайёкюдль галт уул дэлбэрэх үеэр мөсөн гол хайлж, шар усны үеэр болох эрсдэл үүссэн учир жуулчдыг мөн нэвтрүүлээгүй байна.
Исландын байгаль хамгаалагчид болон мэргэжилтнүүд нөхцөл байдлыг хянадаг тул жуулчид галт уулын тусгай аяллуудыг захиалах эсвэл аюулгүй зайнаас галт уулын лава урсахыг ажиглахын тулд тусгай заасан замаар аялах боломжтой байдаг аж.
Исландын шинжлэх ухааны байгууллагууд онцгой байдлын албатай хамтран ажилласны дүнд жуулчдад байгалийн энэхүү үзэгдлийг нүдээр үзэх боломжийг нээжээ. Энэхүү хамтын ажиллагааны ачаар сүүлийн үед бүртгэгдсэн галт уулын дэлбэрэлтийн улмаас хүний амь эрсдэх ноцтой хэрэг нэг ч гараагүй тул Исландад галт уулын аялал жуулчлалаас ашиг олох боломж олгосоор байна.
Исланд руу аялахад хэр аюултай вэ?
Галт уулс идэвхжиж байгаа хэдий ч Исланд олон улсын нислэг хүлээн авсаар байна. Исландын Аялал жуулчлалын зөвлөл “Исланд галт уулын дэлбэрэлтэд өндөр бэлтгэлтэй байна” гэж мэдэгджээ.
Гриндавик хот болон дэлхийд алдартай Хөх нуур хаалттай байгаа ч мөс, галын оронд бүх зүйл хэвийн үргэлжилж, дурангаар зэвсэглэсэн жуулчдад галт уулын дэлбэрэх үзэсгэлэнтэй мөчийг өөрийн нүдээр аюулгүй зайнаас харах боломжийг олгож байна.
Сэтгэгдэл ( 0 )