Засгийн газар нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Зорилт нь одоо замхрах дээрээ тулаад байна. Уг нь ч он гарснаас хойш 580 мянга орчим жуулчин хүлээн авсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19% өссөн үзүүлэлт. Эрэлт нь их байгаад, жуулчдын тоо өсдөг юм байж. Гэтэл энэ үед бүх юм эсрэгээрээ эргэж шатахууны хомстол нүүрлэсэн. Тэд хотод шигдээд байхыг хүсэхгүй. Онгон зэлүүд байгаль, нүүдэлчин ахуйтай танилцах хүсэлтэй. Угаасаа гаднын сурталчилгаа ч үүн рүү чиглэсэн байгаа. Онгоц, машины гол хоол нь болох шатахуун тасалдаад долоо хонолоо. Манай дарга нар ч яахав наадам руу буруугаа чихэж аваад бүр болохгүй болохоор нь тэгш, сондгойгоор нь ялгаад шатахуун тавьж эхэлсэн. За ингээд манайд ирсэн жуулчид “Колонкийн аялал хийдэг болсон”. Үүнийг мөхөс би биш Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон хэлсэн юм шүү. Тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Дуламсүрэнгийн хэлснээр “Аялал жуулчлалын салбар тэг зогсолтод хүрлээ”. Уг нь харьяа яам тамгын газар нь энэ тухай шаардлага тавьдаг ч тэгсгээд замхардаг гэнэ.
"Шатахууны хомсдолоос шалтгаалан манай салбар тэг зогсолт хийхээс аргагүйд хүрлээ. Яагаад ийм хүнд байна гэж хэлж байна вэ гэхээр долдугаар сар, наймдугаар сар бол манай улсад аялал жуулчлалын ид оргил улирал байдаг"
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Дуламсүрэн
Байдал ийм байдаг юм байж. Тэгш, сондгойгоор хувааж шатахуун олгох “сайн санаа” эхнээсээ муу нөлөөгөө тусгаад эхэлсэн. Дугаарлалтад дуусаагүй. Шатахууны нөөц байгаа ч хэмжээтэй учраас шавхагдана. Ингээд Г.Дамдиннямыг урдаа бариад гаргасан Засгийн газрын шийдвэр байндаа тусахгүй байх нөхцөл байдал үүслээ. Гадна талд Орос, Украины дайн мөддөө намжихгүйгээр барахгүй Украины дронын халдлага татрахгүй болох нь ажиглагдаж байна. Уг нь ч нэг сарын өмнөөс ийм байсан ч манай дарга анги найр наадам, уул, усны тахилгадаа л анхаарсан. Хэрэв уншигч та харсан бол ЗГХЭГ-ын дарга, соёлын салбар хариуцсан сайд нь хадаг яндар барьчихсан далай ээж дээр байсан биз дээ. Шатахууны хомстол тэдэнд л лав үйлчилдэггүйг үүнээс харж болно. Гэтэл тэдний дэвшүүлсэн зорилт яг эрэлт ихтэй үед нь таг зогсох гээд байгааг мэдрэхгүй л байгаа юм.
Ер нь ч тэгээд аялал жуулчлалын салбар их л үйлтэй салбар даа. Хоёр их гүрний дунд хавчуулагдсан манайхыг энэ хоёроос гадна үнэхээр аялалд дуртай жуулчид л зорин ирдэг. Тасалбарын үнэ хэт өндөр. Бусад дэд бүтэц нь хөгжөөгүй. Бүр боловсон жорлон ч байдаггүй гээд бод. Яг арван жилийн өмнө л дарга анги “нэг сая жуулчин хүлээн авна” гэж байж. Арван жилийн лоозогнол яг биелэхийн даваан дээр бас л нэг асуудал гараад ирлээ. Одоо 2028 онд хоёр сая жуулчин хүлээн авна гэх зорилт тавьсан. Гэвч манайх саалиа бэлдэхээс саваа бэлдсэнгүй. Монгол Улсад бүртгэлтэй 1800-2000 орчим зочид бий гэх тооцтоотой. Үүнээс өндөр зэрэглэлийн зочид буудал ердөө 67-70. Улаанбаатар хотын А, Б бүсэд бүртгэлтэй 85 орчим зочид буудал, дэн буудлын тоог оролцуулбал орны багтаамж 4000 орчимд эргэлдэнэ.
Нэг сая жуулчин хүлээн авна гэж лоозогносны 10 жилийн ойн дээрээ яг биелэх гэтэл шатахууны хомстол гээд шилээ маажаад сууж байна.
Үйлтэй салбар гэдгийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “400 сая жуулчин авна” гэсэн романтизмаас харж болно. Түүний романтизм яв, явсаар шатахууны хомстлоор дуусах байж. Шатахууны тэгш, сондгой зохицуулалт 15-ны өдөр дуусна. Дуусахтай зэрэгцээд хуучин асуудал шийдэгдэхгүй. Тэр үед улсын дугаарын тэгш, сондгойгоор ялгаж хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт үйлчилж эхэлнэ. Эргээд шатахууны эрэлт хэрэгцээ бий болно. Үүнтэй зэрэгцээд “COP-17” олон улсын бага хурал эхэлнэ. Оролцохоор бүртгүүлсэн төлөөлөгчдийн тоо 4500-5000. Тэд явган явахгүй нь лав. Засаг нүүрээ бодоод тэдэнд үйлчилгээ үзүүлж таараа. Хадгалаад буй нөөц нь ингээд шавхагдана. Ард түмэн харин зам дээр ээлжээ хүлээгээд дугаарлана. Харин тэр цагт дарга нар ямар шийдвэр гаргахыг харж л байя.

Сэтгэгдэл ( 1 )
Жуулчдыг АнУ Японы адтл нөхцлөөр хүлээн авахгүй\n Ябол инцляцт дийлдэхээ байлаа.