Цэргийн алба хаагчид намрын ургац хураалтыг нугалж байна

О.Должин | Zindaa.mn
2026 оны 09 сарын 17

2026 оны намрын ургац хураалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож, улс орны хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байна.

Энэ жилийн хувьд таримлын болц жигд байгаа хэдий ч зуны цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалт өмнөх жилүүдээс 5-10 хоногоор хоцорч эхэлжээ. Тиймээс ургацыг богино хугацаанд, хорогдол багатай хураан авахын тулд цэргийн алба хаагчид цаг хугацаатай уралдан ажиллаж байна.

Засгийн газрын шийдвэр болон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас томилогдсон алба хаагчид Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариалангийн бүсэд ажиллаж байгаа юм.

Тодруулбал, Төв аймгийн Жаргалант, Борнуур, Угтаалцайдам, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Орхон, Сант, Дархан-Уул аймгийн Орхон суманд нийт 40 орчим бүлэгт хуваагдан ургац хураалтын ажилд оролцож байна.

Мэргэжлийн байгууллагуудын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын сүүлч болон аравдугаар сарын эхний арав хоногийн эцсээр тариалангийн бүс нутгуудад нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байгаа аж.

Иймд цэргийн алба хаагчид цаг агаарын эрсдэлээс урьтаж, ургацыг богино хугацаанд, алдагдалгүй хураан авахад анхаарч, шуурхай ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.9.40.211)  2026 оны 09 сарын 18

Оюутан цаг санагдаж бна эх орон ард олон, өөрсдийнхөө тусын тулд ажлыг нь нугалж буй алба хаагчдад баяр хүргэе баярлалаа . Агаар салхинд ажил төрөл хийж бгаа нь таатай байгаа болтой . Баяр баясгалантай сайхан харагдаж бна оо. Сн бна амжилт. Дэм дэмэндээ гэж.

0  |  0
Билиг  (64.119.30.154)  2026 оны 09 сарын 17

Ёстой зөв ажил даа,

1  |  0
Top