BARILGA EXPO 2026 | Олон улсын барилгын үзэсгэлэн яармаг амжилттай болж өндөрлөлөө

Я.Болор | Zindaa.mn
34 минутын өмнө

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулагдсан 40 дэх удаагийн “BARILGA EXPO 2026” олон улсын барилгын үзэсгэлэн, яармаг 2026 оны есдүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Тус үзэсгэлэн яармагийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Barilga.mn зохион байгуулагчаар ажилласан юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний болон олон улсын 400 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцсоноос дэлхийн 20 гаруй улсын 100 гаруй компани хүрэлцэн ирж, барилгын материал, тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээ, интерьер, экстерьер, дэд бүтэц, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцууллаа. Мөн орон сууц, үл хөдлөх хөрөнгийн 50 гаруй төсөл нэг дор цуглаж, иргэд, хэрэглэгчдэд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн сонголтоо хийх боломжийг олгосон юм.

Үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээний үеэр барилгын салбарын мэдээлэл, мэдлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Барилгын хөгжлийн төв ТӨҮГ болон “Барилга МН”-ийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар, “Барилга МН”-ийн Гүйцэтгэх захирал Д.Цолмонгэрэл нар гарын үсэг зурав. Уг санамж бичгийн хүрээнд салбарын хууль тогтоомж, норм норматив, инженер техникийн мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх, туршлага солилцох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.

Мөн тус өдөр “Барилга МН” болон “Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо” ТББ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдсан юм.

“BARILGA EXPO 2026” олон улсын үзэсгэлэнгийн хаалтын үеэр салбартаа шинэ технологи, чанар, инноваци нэвтрүүлэн, бүтээн байгуулалтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг байгууллагуудыг шагнаж урамшууллаа.

• Шилдэг үйлдвэрлэгч: Нью Прогресс Групп Вестернхолд ХХК – “Ховд Эко Цемент”

• Шилдэг барилгын материал: Н Эй Би Трэйд ХХК – “HÖRMANN” брэнд

• Шилдэг төсөл: Глобал Бридж Констракшн ХХК – “Global Mall”

• Шилдэг төсөл хэрэгжүүлэгч: Эй Жи Жи Эс ХХК

• Шилдэг дэвшилтэт технологи нэвтрүүлэгч: Энгүүн Технологи ХХК, Глобал Браун Солюушн ХХК – “IFE” брэнд

• Шилдэг ханган нийлүүлэгч: MMS LLC /MyMonSource LLC/

• Шилдэг оролцогч: Агуур Арт ХХК

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top