Төв аймгийн Эрдэнэ сумын дэд бүтцийн хангамжийн төслийн ажлын явцтай танилцлаа

Я.Болор | Zindaa.mn
48 минутын өмнө

Улсын хэмжээнд дэд бүтцийн хангамжийг сайжруулах, сумдын хөгжлийг дэмжих зорилгоор нийт 18 аймгийн 35 суманд 46 төсөл, арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна.

Эдгээр бүтээн байгуулалтын нэг болох Төв аймгийн Эрдэнэ сумын инженерийн дэд бүтцийн хангамжийн төслийн халаалтын болон бохир усны шугам сүлжээний ажлын явцтай Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдын зөвлөх Д.Энхбаяр, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар, "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир болон албаны бусад бүрэлдэхүүн танилцлаа.

Тус төслийн Захиалагчаар "Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам", Захиалагчийн техникийн хяналтыг "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, Зураг төслийн зохиогчоор "Гидро дизайн инноваци" ХХК, Барилга угсралтын гүйцэтгэгчээр "Алтайн үндэс констракшн" ХХК ажиллаж байгаа.

Сумын инженерийн дэд бүтцийн барилга угсралтын ажил 35%-ийн явцтай үргэлжилж байна.

Төслийн хүрээнд: Бохир усны шугам, Дулааны шугам болон 87 ширхэг дулааны худаг барихаас одоогоор 1,200 у/м шугам хоолойг дулаалгын хамт, 450 у/м шугам, түүний булалт, 24 ширхэг худаг, түүний доторх огтолгооны ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Шинээр баригдаж буй тус дулааны шугам сүлжээг 2.0 МВт (2,000 кВт)-ын хүчин чадалтай КВр-2,0 загварын ус халаалтын зууханд холбох юм. Уг зуух нь өндөр температурт ажиллах техникийн үзүүлэлттэй тул сумын төвийн 15,000м² – 20,000м² талбайг халаах хүчин чадалтай.

Энэхүү дулааны эх үүсвэрт шинэ шугам сүлжээг бүрэн холбосноор Төв аймгийн Эрдэнэ сумын айл өрх, сургууль, цэцэрлэг болон аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн дулаан, цэвэр, бохир усны найдвартай эх үүсвэрээр хангаад зогсохгүй айл өрхүүдийг орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх нөхцөл бүрдэх юм.

Мөн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-иас дээрх шинээр хийгдэж буй дэд бүтэцтэй уялдуулан орон сууцны хороолол, бусад үйлчилгээний барилгуудыг төлөвлөн холбогдох ажлуудыг эхлүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top