АНУ-ын хөлбөмбөгийн “MLS” лиг болон Мексикийн “Liga MX” лигт түрүүлсэн багуудын хооронд болдог “Аваргуудын цом”-ын тэмцээнд Лионель Месси тэргүүтэй “Интер Майами” баг түрүүллээ. Ингэснээр Аргентины домог Лионель Месси замналынхаа 48 дахь цомоо өргөлөө.
Улаанбаатарын цагаар өнөө өглөө 08:00 цагт Интер Майами клубийн талбайд болсон энэхүү тоглолтын 24 дэх минутад Лионель Месси өөрөө гоолдсон бол 81 дэх минутад гоолын дамжуулалт өгснөөр түрүүлсэн юм. Ийнхүү тэрээр Интер Майами клубийн төлөө 100 дахь гоолоо оруулжээ. Тоглолтын туршид Майами клуб бөмбөг эзэмшилт болон хаалга руу цохисон цохилтоор өрсөлдөгчөөсөө тааруу байсан ч олдсон цөөн боломжоо амжилттай болгосон байна.
“Аваргуудын цом” тэмцээнийг 2018 оноос эхлэн зохион байгуулсан түүхтэй. Энэ хугацаанд АНУ болон Мексикийн лигийн багууд тус бүр дөрвөн удаа түрүүлээд байна. Энэхүү тэмцээнийг Хойд Америкийн хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоо албан ёсны тэмцээн гэж хүлээн зөвшөөрдөггүй ч АНУ, Мексикт албан ёсны цомд тооцдог юм.

Сэтгэгдэл ( 0 )