Месси яагаад Хамес Родригест уурлаж, үг хаяв?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 12

2026 оны ДАШТ-ий Өмнөд Америкийн бүсийн тоглолтууд өндөрлөхөд ойртоод байна. 16 дугаар тойрогт Аргентины шигшээ баг талбайдаа Колумбтай 1:1-ээр тэнцлээ.

Эхний гоолыг Луис Диас хийж, зочид 80 минут өнгөртөл тэргүүлсэн хэвээр байлаа. 81 дэх минутад Аргентины шинэ залуу од Тиаго Альмада тоог тэнцүүлсэн.
 


Мөн 70 дахь минутад Энцо Фернандес аюултай тоглолт хийсний улмаас шууд улаан хуудас хүртэж, талбайгаас хөөгдлөө. Кевин Кастаногоос уучлалт гуйгаад Энцо Фернандес үг дуугүй шууд гарсан.
 


Харин Аргентины шигшээ багаас ахлагч Лионель Месси өрсөлдөгч багийнхаа ахлагч Хамес Родригестой ам мурийж харагдсан.

Хэдийгээр хоёр хөлбөмбөгч ярианыхаа дийлэнхэд амаа гараараа даран, нууц ярилцсан ч тоглолтыг шууд дамжуулсан Аргентины TyC Sports Хамес Родригесийг “Яагаав? Би юу ч яриагүй шүү дээ” гэж хэлж буйг амны хайрцгаар нь тайлан уншсан байна. Үүний дараагаар Месси түүнд “Финалд бидэнд тусалсан гэж хэлээ биз дээ? Яасан олон юм ярьдаг юм бэ!” хэмээн бухимдан хариу өгүүлжээ.
 


Энэ бол 2024 оны Өмнөд Америкийн АШТ-ий финалд Аргентин-Колумбын тоглолтын талаарх яриа гэж хэвлэлийнхэн таамагласан байна. Хамес Родригес тэр тоглолтын дараагаар “Шүүгч нөлөөлчихлөө. Бидэнд нэг бүр хоёр ч пенальти өгч болох байсан ч тэгсэнгүй. Миний бодлоор бол нэг пенальти бол гарцаагүй байсан. Хожигдчихоод өөрийгөө хаацайлж байгаа юм биш шүү. Бид финалд форм маш сайтай гарсан. Сайн ч тоглосон. Гэвч тэд пенальтиар ялагчийг шийдэхээс хэдхэн минутын өмнө тэд гоол орууллаа.  Би тэднийг хожихоор хэмжээнд тоглоогүй гэж хэлэхгүй. Гэхдээ их олон зүйл бидний эсрэг байлаа”  гэж хэлсэн юм.
 


Месси удалгүй суусан. Түүнийг суулгасан шалтгаан нь хэт шатаж, хамгаалагч Даниэл Муньосыг тохойлдох гэж оролдсонтой нь холбоотой гэж зарим хэвлэл бичсэн. Аргентины шигшээ багийн дасгалжуулагч Лионель Скалонигийн өгүүлснээр бол Месси өөрөө сууя гэжээ. “Давхар сэлгээ хийх гэж буйг Месси хараад надад өөрөө сууя гэж хэлсэн. Тиймээс л би суулгасан. Тэрнээс биш суулгах гээгүй байлаа” хэмээн өгүүлсэн юм.
 


Мессиг талбайгаас гарснаас хойш Тиаго Альмада тэнцээний гоолыг оруулсан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu