Япон, БНСУ-г цөмийн зэвсэгтэй болохоор зорьж буйг буруутгав

Я.Болор | Zindaa.mn
54 минутын өмнө

Япон, БНСУ нь цэргийн хүчээ эрчимтэй нэмэгдүүлж, цөмийн зэвсэгтэй болохоор зорьж байна гэж БНАСАУ-ын батлан хамгаалахын дэд сайд Ким Ган Иль Бээжин хотноо болж буй 13 дахь удаагийн Сяншанийн аюулгүй байдлын форум дээр мэдэгджээ.

БНАСАУ нь бүс нутагт энх тайвныг сахиулахын тулд боломжтой бүхий л хүчин чармайлт гаргаж байна. Тус улс нь аливаа асуудалд энхийн замаар шийдвэрлэх байр сууринаас хандан, найдвартай аюулгүй байдал, энх тайвнаар зэрэгцэн орших зарчим дээр тулгуурлан хурцадмал байдлын голомт болсон Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хүчин чахмайлт гаргасаар ирсэн гэж онцолжээ.

Тэрбээр, сүүлийн үед дэлхийн энх тайван, тогтвортой байдлын үндэс суурь АНУ болон түүнийг “дагалдагч орнуудын зүгээс явуулж буй тонон дээрэмдэх, геополитикийн хязгааргүй шуналаас” болж ганхан, БНАСАУ-ын аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна гэжээ.

БНАСАУ нь дайсагнагч хүчийг сөрөн зогсох цөмийн гүрэн байсаар байна гэж Ким Ган Иль онцлон тэмдэглэжээ.

Тус улс нь шударга ёс, тусгаар тогтнолыг эрхэмлэдэг бусад улс оронтой найрсаг харилцаагаа хөгжүүлж, олон улсын шударга дэг журмыг тогтоох зорилгоор их гүрний ноёрхол, нэг талыг барьсан аливаа үйлдлийг хамтран сөрнө гэв.

Сяншанийн форумыг 2006 оноос хойш Хятадын Ардын чөлөөлөх армийн Цэргийн шинжлэх ухааны академиаас жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээнд дэлхийн 100 орчим улс, бүс нутаг болон олон улсын байгууллагын хоёр мянга гаруй төлөөлөгч оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top