БНХАУ-ын дарга Ши Жиньпин ойрын үед БНАСАУ-д айлчилж магадгүй байна гэж Ёнхап агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хойд Солонгост ойрын үед айлчлахаар бэлдэж буйг гэрчлэх тагнуулын мэдээлэл авсан гэж эх сурвалж онцолжээ. Энэхүү айлчлал нь энэ сарын сүүлээр эсвэл ирэх сарын эхээр болох магадлалтай байна. БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Пёньянд дөрөвдүгээр сарын 9-10-нд айлчилсны зэрэгцээ Ши Жиньпиний протокол болон хамгаалалтын алба саяхан Хойд Солонгост ажиллаад ирсэн нь үүнийг гэрчилж байна гэжээ.
Хятадын удирдагч Пёньян, Вашингтоны яриа хэлэлцээг зуучлах үүргийг өөртөө хүлээж магадгүй гэж таамаглаж байна. Ёнхап агентлагийн мэдээллээр, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нэгдүгээр сард Бээжинд хийсэн айлчлалынхаа үеэр хоёр Солонгосын харилцааг сайжруулахад туслалцаа үзүүлэх хүсэлтийг Ши Жиньпинд тавьсан бөгөөд Хятадын удирдагч эерэг хариу өгчээ.
Түүнчлэн, Хятад, Хойд Солонгосын хооронд Найрамдлын гэрээ байгуулсны 65 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан ийн тус хоёр улсын хамтын ажиллагаа идэвхжиж байж магадгүй гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )