Орос, Хятад, БНАСАУ-ын удирдагчид уулзаж байгааг харуулсан дүрс бичлэг нийт япончуудын сэтгэлийг түгшээсэн гэж Японы эрх баригч Либерал Ардчилсан намын даргын албан тушаалд өрсөлдөж байгаа Шинжиро Коизүми телевизийн мэтгэлцээнд оролцохдоо мэдэгдсэн байна.
“Орос, Хятад, Умард Солонгосын удирдагчид есдүгээр сарын 3-нд Бээжинд цугларсныг хараад сэтгэл түгшээгүй нэг ч хүн байхгүй байх гэж бодож байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Японы эргэн тойрны бүс нутагт аюулгүй байдлын хамгийн хүнд нөхцөл үүсээд байна. Энэ тулгамдсан асуудлыг гэтлэн давахын тулд Япон улс юуны түрүүнд батлан хамгаалах хүчин чадлаа зузаатган бэхжүүлэх шаардлагатай юм” гэж тэр тэмдэглэжээ.
ЛАН-ын даргын сонгуульд өрсөлдөж байгаа өөр нэг нэр дэвшигч, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Санаэ Такаичи бүс нутгийн аюулгүй байдлын тухай ярихдаа, бүс нутгийн бусад улс, тухайлбал Өмнөд Солонгос, Филиппин, Австрали, түүнчлэн Европын орнуудтай аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах хэрэгтэй гэж онцлов. Япон, Америкийн эвслийг бэхжүүлэх, АНУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь Японы гадаад бодлого болон аюулгүй байдлын бодлогын гол цөм гэдгийг бүх нэр дэвшигчид цохон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )
OF COURS