ДОХИО | Өсвөр насны охидын жирэмслэлт нэмэгджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
54 минутын өмнө

Монгол Улсад 2025 онд 10-19 насны 2.86 мянган охин жирэмсэн болсон тухай Үндэсний статистикийн газрын мэдээлэлд дурджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 16.5% өссөн үзүүлэлт аж. Насны бүлгээр нь авч үзвэл 15-19 насны охидын жирэмслэлт дийлэнх хувийг эзэлж байна.

Эсрэгцэх нэгэн статистик байгаа нь жирэмсэлсэн охдын тоо нийт дүнгээр өссөн ч өсвөр насны охидын төрөлтийн түвшин буурчээ. Тухайлбал 2025 онд 1000 хүнд ногдох төрөлтийн 14.7 болж, өмнөх оноос буурсан байна.

Ташрамд дурдахад сүүлийн таван жилд жирэмсэн болсон охидын тоо 2000-аас буурахгүй байна. 2021-2023 оны хооронд гурван жил дараалж 100 гаруй тохиолдлоор буурсан ч 2024 онд 2.4 мянган тохиолдлоор огцом нэмэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өсвөр насны жирэмслэлттэй холбоотойгоор Монгол Улсад хэд, хэдэн зөвлөмж өгсөн байдаг. Тухайлбал бэлгийн цогц боловсрол олгох, жирэмслэлтээс сэргийлэх хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өсвөр насныханд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэвтрүүлэх, нийгмийн хандлага болон эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарахыг зөвлөжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top