Намсаманд гэж гоё утгатай нэр юм билээ. Буддын шашинд тарнийн уншлагын эхэнд эсвэл төгсгөлд “Аврал, адистид бүх зүгт түгэх болтугай” гэх утгаар ордог. Гэтэл ийм нэртэй нэгэн хүн нэрнийхээ утгаар замнаагүй л юм даа. А.Намсаманд гэдэг нэрийг уншигч та тогтоосон л байлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга байж байгаад улс төрийн тоглоомонд хүү мэт түлхүүлээд өөрийгөө ч, хөлдөө чирээд унасан нөхөр. Хуулийн сахиулах чиг үүрэгтэй газрыг толгойлдог энэ нөхөр хуулийн сайдынхаа эсрэг шууд удирдлагын хэдээ “сумлаж”, өдөөчхөөд салбарынхаа ч, байгууллагынхаа ч нэр нүүрийг баастаж хаяад явчихлаа.
Ер нь А.Намсамандын улаан нүүр ичихээ байчихсан юм билээ. Үүнийг түүний “намтар баян” түүх харуулна.
Тэтгэвэртээ гарсан ч дарга болоод гялалзсан мөрдөс зүүж генерал болж дэвшихээс өмнө Хэнтийн шоронгийн “харгалзагч” байлаа. Тэндээ ШШГГ болон 419 дүгээр хорих ангийн дарга болтлоо “дэвшсэн”. Гэвч тэр сайн дарга байгаагүй юм. Анкет нь баяжиж байхад тэрээр хүний эрхийг уландаа гишгэж, хоригдлуудыг хүний ёсонд баймгүйгээр дэглэдэг байсан нь ил болсон. Яг 13 жилийн өмнө Хэнтийн шоронд түүний харгислалыг мэдэрч байсан Л.Энхбаатар гэх иргэн анх шүгэл үлээж байлаа. Тэрээр сонин хэвлэлд илгээсэн захидалдаа “419 дүгээр хорих ангийн дарга А.Намсаманд 15 настай ялтан хүн амины хэрэгтэн Д.Нямлхагвагийг удаа дараа зодож шүдийг нь хугалсан. Мөн танхайн хэргээр хоригдож байгаа Амарсайхан гэгч залууг зодсоны улмаас бэлэг эрхтэн нь хавдсан зэрэг олон хэрэг гарч байсан. Энэ мэтчилэнгээр хорих ангид хоригдож байгаа олон аавын хөвгүүдийг хорихын хянагч нар болон дарга нар нь байнга зодож дарамталдаг” дурдсан нь тухайн үедээ сонинд хэвлэгдэж байв.
Хэнтийнхэн төрийн толгойд гармагц түүний анкет суга дээшилдэг юм даа. 2022 онд ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, Хорих ял эдлүүлэх албаны дарга болов. Гурван жилийн дараа 2025 оны 12 дугаар сард ШШГЕГ-ын даргаар томилогдсон. Томилогдохдоо их маапаантай. А.Намсаманд уг нь 2025 оны есдүгээр сард тэтгэвэрт гарсан байгаа юм. Гарах, гарахдаа 69.4 сая төгрөгийн тэтгэмийг улсаас авсан. Улс төрийн салхинд, даргын суганы сүүдэр барааддаг энэ нөхөр улс төрийн гортиг татагдахтай зэрэгцэн ШШГЕГ-ын дарга болсон байгаа юм. Хуулийн сайдын нүүрийг хоёр ч удаа үзсэн тэрээр улс төрийн байр байдал халахтай зэрэгцэн С.Амарсайхан сайдынхаа эсрэг яг өөрийнхөө технологийг ярьж хэвлэлийн хурал гэнэт зарласан. Зарлахдаа хэвлэл дуудахгүйгээр нэр бүхий хэдэн хэвлэл дуудаж гэнэт хийсэн хэвлэлийн хурлаар хуулийн сайд хамаатан саднаа ажилд авахыг даалгадаг, шахаж дарамталдаг тухай мэдэгджээ. Уг нь тэрээр өнгөрсөн хугацаанд өөрийн хамаатан садныг ажилд авч, албан тушаалт томилдог үзэлтэй нь нийцээгүй хүмүүсийг хууль бусаар ажлаас чөлөөлдөг, дарамталдаг тухай баримт дуулдаж л байлаа.
Хууль зүй дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан хоёр хоногийн өмнө зарласан хэвлэлийн хурлын үеэр “ А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн” тухай мэдэгдсэн. Бүр болоогүй “Хамтарч авлига хийе гэж яриад, хоёрт занга тавьж улс төрийн хамаг будлиан тарьж буй нөхрийн захиалгыг гүйцэтгэх гэж орж ирсэн. Яагаад над руу дайрахаар болов гэдэг бол асар том зорилготой, захиалгатай. Хуулийн нэрээр иргэн аж ахуйн нэгжийг дарамталж дээрэлхдэг. Цаашилбал хоригдож буй хүмүүсийн ар гэр, авгай хүүхдэд нь дарамт учруулж элдэвлэдэг асуудал үүний ард бий” гэсэн нь эрхгүй анхаарал татна.
ХЗДХ-ийн хэргийн сайд асаны дэлгэсэн нийт 7.8 тэрбум төгрөгийн асуудлыг яаралтай хуулийн байгууллагаар шийдвэрлүүлж, хэрэв хууль зөрчсөн бол улсад учруулсан хохирлыг ч яаралтай төлүүлэх ёстой. Бүр генерал цолыг нь ч хураах эрх Монгол Улсын Ерөнхийлөгчид бий.
Ийнхүү хүний эрхийг уландаа гишгэсэн А.Намсаманд 2026 оны долоодугаар сард бригадын генерал болсон гэж байгаа. Болох хүслээ ч ШШГЕГ-ын дарга болохдоо удаа дараа илэрхийлсэн шиг байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн тодорхойлсноор “Саатай мөрдөс горьдож хуулийн байгууллага болгоны толгой руу дүүлж нисдэг царцаа” гэсэн нь угтаа А.Намсамандын жишээнээс тодорхой харагдана. ШШГЕГ бол цэргийн байгууллага биш. Хууль сахиулах байгууллага. Хууль сахиулах байгууллага нь батлан хамгаалах чиг үүргийн байгууллага биш. Гэтэл саатай мөрдөс горьдохдоо хүний эрхийг уландаа гишгэж, хоригдлуудын эрхийг зөрчиж, амь насанд нь халтай үйлдэл хийж, хувийн байшингаа бариулж хууль бусаар төрийн мөнгийг хувьдаа завшдаг нэг ийм генерал байв. Тэр бууны нохой болж төрийн сайдыг бухахдаа өөрийгөө ч, өрөөлийг ч хөлдөө чирлээ. ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайханы дурдсан 408 сая төгрөгийг хувьдаа завшин зориуулалтын бусаар зарцуулж Зайсанд нэг өрөө байр авсныг ч, нөхөн олговор болгож 64.8 сая төгрөг авсныг ч, хууль бусаар ШШГЕГ руу шилжүүлсэн 7.4 тэрубум төгрөгий гэх асуудлыг ч төлүүлэх хэрэгтэй. Бүр генерал цолыг нь ч хураах бүрэн эрх Монгол Улсын Ерөнхийлөгчид бий.
“Хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой” гэж зургаан сарын өмнө Ерөнхийлөгч хэлж байлаа. Одоо тэгвэл амин хувийн эрх ашгаа хичээсэн А.Намсамандад Монгол төрийн хууль сүүдрээ тусгаж, хариуцлага тооцох ёстой!
Сэтгэгдэл ( 0 )