(23).jpg)
Сингапурын эрх баригчид ард иргэддээ хандан өдөр бүр 15 минут ном уншихыг уриалж, үүнийг нь дэмжиж, урамшуулах санаачилга гаргажээ.
Эл санаачилгыг дэмжин Сингапурын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамын эхлүүлсэн ном унших челленж энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
Санаачилгыг тус улсад жил бүрийн есдүгээр сард болдог ном унших нэг сарын үндэсний аянтай уялдуулан эхлүүлжээ. Есдүгээр сард тус улсын бүх номын санд бүх насны хүмүүсийг ном уншихыг уриалж, урамшуулсан арга хэмжээнүүд зохион байгуулагддаг байна.
Сингапур улсад ном унших соёлыг дэлгэрүүлэх зорилготой бүх нийтийн таван жилийн компанит ажил эхэллээ. Энэ хүрээнд өдөр бүр 15 минут ном уншсан сингапурчуудыг урамшуулал хүлээж байна гэж “Straits Times” сонин онцолжээ.
Ном унших челленжийг ард иргэдтэй хамтран ажиллахад зориулсан засгийн газрын платформоор дамжуулан явуулж байна. Оролцогчид ном уншсан цагаа хянаж, өөртөө зорилго тавьж, цахим мөнгөн урамшуулал авах аж. Хожим нь эл цахим мөнгөөрөө төрөл бүрийн бонус эдлэх боломжтой.
Ийм санаачилга нь бүх нас, бүх давхаргын ард иргэд нь таван жилийн турш дэлгэцээр богино гарчиг, дүрс бичлэг, мэдээний оронд өдөр бүр ном болон урт текст унших дадлыг хэвшүүлнэ гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )