2022-2025 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн сан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслийг СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ш.Эрдэнэцэцэг удирдан хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд бүтээсэн “Монгол бий биелгээ” нэг сэдэвт бүтээлийн нээлт Монгол Улсын Үндэсний Номын санд зохион байгуулагдлаа.
Номын нээлтийн арга хэмжээг нээж ССАЖЗЯ-ны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ш.Эрдэнэцэцэг нар үг хэлж, МУСГЗ, Соёл судлаач, доктор (Ph.D), дэд профессор С.Юндэнбат, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ц.Цолмон нар “Монгол бий биелгээ” бүтээлийн талаар, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D) профессор С.Дулам, МУУГЗ, өвлөн уламжлагч Г.Баяртай нар бий биелгээ, соёлын биет бус өвийн талаар үг хэлэв.
Зохиогчдын зүгээс Баяд, Дөрвөд, Захчин, Торгууд, Урианхай, Хотон угсаатны бүлгийн түүх, домог, бий биелгээний үүсэл, гарвал, төрөл зүйл, хөдөлгөөн, хөгжмийн онцлог, хөгжмийн тэмдэглэгээ (хөгжмийн нот)-г багтаасан. Өвлөн уламжлагчийн тайлан тайлбарласнаар угсаатны бүлэг бүрийн бий биелгээ, хөдөлгөөний онцлог, ихэлийн татлага, товшуур, шанзны цохилгыг зан үйл, домогтой нь уялдуулан уламжлалт хэв намбаар нь сурах, судлах боломжийг өгүүлэхийг хичээсэн байна. “Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг” өвийг хамгаалах, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх, залуу хойч үед өвлүүлэн уламжлуулахад бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Тус арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн үндэсний төв, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Үндэсний номын сан, Сити их сургууль, Цэргийн дуурь бүжгийн эрдмийн чуулга, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монгол бүжгийн өв сан ТББ, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын төлөөлөл оролцов.

Сэтгэгдэл ( 0 )