39 дэх удаагийн Номын баяр хүүхдэд зориулсан агуулгыг онцолж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Уншигчид, зохиолчид, хэвлэн нийтлэгчид, боловсролын байгууллагууд болон номд хайртай хүн бүхнийг нэгтгэдэг Үндэсний бичиг соёл, номын өдрүүд - 39 дэх удаагийн “Номын баяр”, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 2026 оны тавдугаар сарын 15–17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Энэ удаагийн номын баярын хувьд хүүхэд залууст чиглэсэн агуулгад онцгой анхаарал хандуулж байна. “Номын соёлт ертөнц” ТББ-ын дэргэдэх Либро Сувд утга зохиолын агентлагаас номын соёлыг түгээх агуулга бүхий 7 номоос бүрдсэн багц номын эрхийг авч монгол уншигч хүүхдүүддээ уншуулахаар эрхлэн гаргаж байна.

Түүнчлэн тус агентлаг монгол зохиолчдынхоо зохиол бүтээлийг БНСУ, Казахстан, Энэтхэг, АНУ-д болсон олон улсын номын яармагуудад танилцуулж, Евроазийн номын яармагт МУСГЗ Г.Аюурзанын “Тэнгэрийн судар: Монголын нууц товчооны цохолборууд” бүтээлийг Р.Сураганы орчуулгаар, “Монгол яруу найраг” антологийг Х.Байытын орчуулгаар Казахстаны уншигчдад хүргэж номын нээлтээ хийгээд иржээ. 

 

 

Монгол зохиолчдын бүтээл туурвил олон улсад танигдаж, гадаад хэлээр хэвлэгдэхээр сонгогдсон сайхан мэдээ олонтоо дуулдах болсон. Үүнтэй холбоотойгоор энэ удаагийн номын баярын “Номын грант” шагналд нэр дэвших бүтээлүүдийн өрсөлдөөн улам нэмэгдэж байна. Номын баяр бүрээр нэг уран бүтээлчид НЗДТГ-ын нэрэмжит “Номын грант” олгож мөнгөн урамшуулал өгдөг болоод удаагүй байгаа. Энэ удаагийн шалгаруулалтад 4 ном нэр дэвшиж, уран бүтээлчид нь өрсөлдөж байна. 

39 дэх удаагийн Номын баярын бас нэгэн онцлох үйл ажиллагаа нь “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клубээс 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулсан “Байгаль, экологийн тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдаан юм. Байгаль орчныг хамгаалах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, экологийн боловсролыг нэмэгдүүлэх, хүн ба байгалийн зөв зохистой харилцааг төлөвшүүлэх зорилготой уг уралдаанд ЕБС-иудын 3050 сурагч сэдвийн дагуу ном уншиж, 2025 номын тэмдэглэл хөтөлж, төдий тооны зурагт хуудас, 1634 эсээ,  152 подкаст бэлдэж, багш, номын санчид ангиа удирдан оролцсон байна.

Эдгээр сурагчид болон сургууль, анги хамт олон, номын санч, нийгмийн ажилтан, багш, хүүхдийн зохиолч, хэвлэлийн газруудаас “Номын сайн нөхөр” улсын уралдааны шилдгүүдийг тодруулах юм.

“Байгаль, экологийн тухай 50 ном”-ын уралдаанд оролцохыг хүссэн сурагчид уншсан номын тэмдэглэл, бүтээлээ “Номын баяр”-ын эхний өдөр төв талбай дээр нэмж хүлээлгэн өгөх боломжтой аж. Энэхүү уралдаанд зориулж “Номын ертөнц” клубийн сурагчид ч мөн нэрлэгдсэн 50 номын подкастыг бэлтгэж, клубийнхээ сошл хуудсаар үзэгчдэд толилуулж эхлээд байгаа юм.

39 дэх удаагийн номын баярын бас нэгэн онцлох үйл ажиллагаа нь 2026-2027 оны хичээлийн жилд унших “Сэтгэлийг тэжээх 50 ном”-ын жагсаалтыг зарлаж, ЕБС-иудад уншлага удирдах цаглаврыг хүргэх ажлын эхлэлийг тавих явдал юм.

Энэ удаагийн Номын баярын зохион байгуулалтад сайн дурын ажилтнаар ажиллахаар 1000 гаруй хүүхэд хүсэлтээ ирүүлж, номд дуртайгаа илэрхийлсэн эсээ бичиж илгээгээд байна. Тэднээс шалгарсан хүүхдүүд “Номын ертөнц” клубийн хүүхдүүдтэй хамт нь энэ удаагийн баярын арын албанд ажиллах болно.

Монголын номын баярт оролцогчдын дийлэнх хувийг хүүхэд залуус эзэлж ирснийг удаа дараагийн судалгааны дүн харуулдаг. Өмнөх “Номын баяр”-ын үеэр хийсэн судалгаагаар оролцогчдын дийлэнх буюу 67.6 хувь нь 14–20 насны залуус байсан бөгөөд ном унших нь хувь хүний хөгжил, мэдлэг боловсрол, амьдралын зөв хандлагад эерэг нөлөө үзүүлдэг гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын ихэнх нь уран зохиол болон хувь хүний хөгжлийн чиглэлийн номыг түлхүү сонирхдог бөгөөд тогтмол ном унших дадал нь сэтгэлгээ, мэдлэг, харилцаа хандлагад бодит өөрчлөлт авчирдаг болохыг онцолсон байна.

“Номын баяр” нь 2007 оноос хойш жил бүрийн хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монголын номын соёл, уншлагын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, уншигчдын уулзалтыг дэмжих, хэвлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Номын баярын хүрээнд дотоодын хэвлэлийн газрууд, зохиолчид, орчуулагчид, номын худалдааны байгууллагууд олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаа нээлттэй явуулж, шинэ ном бүтээлийн нээлт, зохиолчийн уулзалт, гарын үсэгтэй худалдаа, хүүхэд залууст зориулсан соёл, боловсролын олон талт арга хэмжээг зохион байгуулах юм.

“Номын баяр” нь зөвхөн ном худалдаалах арга хэмжээ бус, уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусыг мэдлэг боловсрол, зөв хандлага, байгальд ээлтэй үнэт зүйлд уриалсан соён гэгээрлийн томоохон арга хэмжээ болон өргөжиж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top