УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэн өнгөрүүлсэн 35 дахь удаагийн Номын баяр энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд өргөн дэлгэр болж, хүүхэд залуус болон номд дурлагчид, уран бүтээлчид, зохиолч уншигчдын уулзалтаар халгиж цалгисан өдрүүд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд 158-р зарлигаараа “Үндэсний номын баярын өдөр”-ийг тэмдэглэх уриалга гаргасан. 2019 оноос УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярыг ивээлдээ авч “Өдөр бүр 5 хуудас уншъя” уриалгыг дэвшүүлэн олон талаар дэмжиж ирсэн билээ. УИХ-ын 2021 оны чуулганаар “Номын баяр”-ын тогтсон өдрүүдийг “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрийн хуульд”-д нэмэлт өөрчлөлтөөр оруулж, улс орон даяар тэмдэглэх, төр засгийн зүгээс дэмжих, гойд анхаарах үйл ажиллагаа болохыг тунхагласан юм.
Номын баяр бол нийслэлчүүдийн олноороо зорин очдог чухал арга хэмжээ төдийгүй гадны улс орны хэвлэн нийтлэгчид, зохиолч нар, хэвлэлийн агентлагуудын зорин ирдэг баяр болоод байгаа билээ. Энэ жилийн номын баярын нээлт монгол, англи хэлээр явагдсан нь уг баярын олон улсын ач холбогдол өсөн нэмэгдсэний тод илрэл болж байна.
Гучин тав дахь удаагийн номын баярт Унгар Улсын Кино хорооны дэд дарга Пэшти Акош, Кино зохиолч, түүхэн романы зохиолч Бела Трукс, Продюсер Бергер Йожеф, Andrew Nurnberg Associates агентлагийн Бангкок дахь салбарын захирал Вийрават Биг Течакижаторн, Introtema агентлагийн төлөөлөгч Гульнара Якупова, Казахстаны Steppe and World publishing хамтран үүсгэн байгуулагч Ш.Гулфайруз, Солонгос улсаас “Сэтгэл хөдөлгөсөн монгол аялал” номын зохиогч Шон Пё нарын зочин; хүрэлцэн ирсэн юм.
“Номын сайн нөхөр” шагналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулав. “Шилдэг ном”-оор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын 2024 онд хэвлэгдсэн “Орчлон хэнээр ч дутаагүй” бүтээлийн чуулган шалгарсан бол “Шилдэг хэвлэлийн газар” шагналыг “Нэпко” хэвлэлийн газар, “Шилдэг уншигч – Насанд хүрэгч” шагналыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Л.Батцэнгэл, “Шилдэг номын сан”-гаар Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн номын сан, “Шилдэг уншигч хүүхэд” шагналын эздээр Ахлах ангийн сурагчдаас Нийслэлийн 28-р сургуулийн 11в ангийн сурагч Э.Ариунжаргал, Дунд ангийн сурагчдаас Төв аймгийн Аргалант сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч Д.Алтанзул, Бага ангийн сурагчдаас Налайх дүүргийн 119-р сургуулийн 4д ангийн сурагч Билигт нар шалгарч шагналаа гардсан бол, “Шилдэг уншигч анги”-аар Дархан-Уул аймаг 5-ын 10-р бүлгийнхэн шалгарч, багшийнхаа хамт ирж УИХ-ын дарга Г.Занданшатараас шагналаа гардан авсан юм. Мөн Соёлын яамнаас “Нацагдорж” тэмдгийн болзол хангасан хүүхдүүдэд шагналыг нь гардуулав. Нийслэлийн нэрэмжит шагнал гурван сая төгрөгийн "Номын грант"-ыг хотын тухай цуврал нийтлэл, лекц яриа, редакторласан ном бүтээл зэрэг номын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн сэтгүүлч, редактор Ц.Оюунчимэгт олгожээ.
“Номын сайн нөхөр” шагнал, Нийслэлийн нэрэмжит шагнал “Номын грант” олгох зэрэг ном унших соёлыг дэмжсэн шагнал урамшууллын хөтөлбөр, арга хэмжээ, урлагийн тоглолт, шинэ номуудын нээлт, “Амьтдын тухай 50 ном”-ын танилцуулга, “Нохойгоо хэн сайн сургасан бэ” хөгжөөнт тэмцээн, загварын шоу, ковер дууны уралдаан, зохиогч уншигчдын уулзалтууд, номын тэмдэглэлийн уралдаан, флаш-моб зэрэг залуусын санаачилсан сонирхолтой арга хэмжээнүүд болсон нь уншигчдын талархлыг хүлээж, хүүхэд залуусын оролцоог улам нэмэгдүүлсээр байна.
Номын баярын өдрүүдэд нийслэлийн төв талбай хүүхдийн инээд хөөр, хүн зоны хөл хөдөлгөөн, баяр цэнгэл дүүрэн байв. Монголын томоохон хэвлэлийн газрууд Интерном, Нэпко, Альфа зэрэг бүхэл бүтэн гудамж үүсгэн онцгойрч, хэвлэн нийтлэгч, зохиолч нар өөрсдийн асрыг өөр өөрийн онцлогтойгоор чимэглэн гоёж, төрөл бүрийн худалдаа үйлчилгээ, номын эвентүүд энд тэндгүй явагдаж буй нь гайхалтай сайхан орчныг бүрдүүлсэн байлаа.
Номын баярын орчныг хамгийн хураангуйгаар оновчтой тодорхойлсон постыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт шог зураач С.Цогтбаяр бичсэн байв. Түүний бичсэнчлэн, “Их Эзэн Чингис хааны хүндэтгэлийн хөшөөний өмнө яг л хэдэн зууны тэртээ XIII зуунд байсан лугаа Pax Mongolica буюу Монголын их амар амгалан гурван өдөр оршиж байна даа. Энэ бол 35 дахь удаагийн "Номын баяр. Бүхий үзэл санаа, хандлага нэгэн дороо оршиж харагдана лээ. Улс төр шашны бүхий л суртаал номлолууд (бүр Сатаны номлол хүртэл) тэнгэр үзэлтэнгүүд бөө нар, "Босоо хөх"-ийнхөн, тэдний хажууд Цэвэр цустан"-гууд (нустангууд ч бил үү), дэлхийн сонгодогуудтай зэрэгцэж арилжааны зохиолууд, хуйвалдааны онол, культ сектүүд тэгснээ тэрүүхэн тэнд Их Хурлынх нь дарга ч байж байх шиг. Бас дээр нь манай пянз хөгжмийнхөн ч нэмэгдээд ёстой нэг хонь хурга нийлсэн юм шиг болж байна билээ дээ. Гэхдээ хамгийн гол нь яг л өөр өөрийнхөөрөө оршиж хэн нь ч хэнтэйгээ хэрэлдэж ноцолдож, орилж хашхирахгүй хаашаа л харна эргэн тойронд инээмсэглэсэн инээсэн баяр баясгалантай хүмүүс байж харилцан хүлээн зөвшөөрч оршиж чадаж буй нь л номын хүч юм даа. Унших мэдэх, гэгээрэл ухаарлын төлөө тэмүүлж зүтгэсэн олон оюун ухаан энд л цуглаж байна...”
Номын баярыг зорин очсон хүн бүр үүнийг мэдэрсэн нь лавтай. Номын баярыг “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачилгаар анх 2007 онд, ганц хэвлэн нийтлэгчтэй хамтран зохион байгуулж, анхны баярт ердөө 80 гаруй хүн зочилж байсан бол өнгөрсөн намрын "Номын баяр"-т гэхэд 236 мянга гаруй уншигч зорин ирсэн Үндэсний номын баяр болтлоо өргөжиж, “Номын ертөнц” сэтгүүлийг тогтмол 5000 хувь эрхлэн гаргаж, оролцогчдод үнэ төлбөргүй хүргэдэг уламжлал тогтжээ. Номын баярт оролцохоор зохиолч, орчуулагч, ном эрхлэн гаргагч, хэвлэн нийтлэгчид урьдчилан цаг авч бүртгүүлдэг бөгөөд Номын баярын үеэр уншигчдын гар дээр очих шинэ номуудынхаа танилцуулгыг “Номын ертөнц” сэтгүүл болон нийгмийн сүлжээний сувгуудаар олонд хүргэн сурталчилдаг төдийгүй зохиолчид номын баяр бүрээр шинэ бүтээл гаргахыг эрмэлздэг болжээ. Шинэ бүтээлийн борлуулалтаа дагаад өмнө нь хэвлэн гаргасан номууд нь ч сайн борлогддог аж. Хаврын номын баярын нэг онцлог нь жуулчны улирал эхлэхтэй давхацдаг учир англи хэл дээр хэвлэгдсэн номууд нэлээд сайн борлуулалттай байгаа харагдсан.
Монголын номын баярын талаар гадны зочид маань их сайн мэдээлэлтэй байсан юм. Тэд “Монголын номын баяр” гээд хайлт хийхэд Википедия дээр 10 гаруй хэлээр мэдээлэл гарч ирсэн учир их том арга хэмжээ болдог юм байна гэж ойлгосон гэж байв. Гучин тав дахь удаагийн Номын баярт ирсэн гадны зочид дундаас олон улсын нэр хүндтэй хоёр агентлагийн төлөөлөгчид “Номын соёлт ертөнц” ТББ-ын урилгаар ирж Монголын хэвлэлийн компаниудтай биечлэн уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн нь энэ удаагийн номын баярын гол онцлог байлаа. Andrew Nurenberg Associates болон Introtema компаниудын төлөөлөгчид Номын соёлт ертөнц ТББ-аас гаргасан Нөхөрлөлийн хөтөлбөрийн хүрээнд бүрэн тэтгэлэг аван хүрэлцэн ирж уг баярт оролцсон юм. Нөхөрлөлийн хөтөлбөр нь олон улсын хэвлэлийн газрууд болон зуучлагч агентлагуудтай Монголын хэвлэн нийтлэгчдийг холбож, Монголын номын зах зээлийг дэлхий дахинд таниулах, гадаадын номын үзэсгэлэн яармагт оролцохгүйгээр номын зохиогчийн эрх авах, монгол зохиолчид өөрсдийн бүтээлийг гадаадын хэвлэлийн газруудад санал болгох боломжийг бүрдүүлэх зорилготой.
“Номын соёлт ертөнц” ТББ-аас хоёр зочныхоо уулзалтуудыг амжилттай зохион байгуулж, монголын хэвлэлийн компаниудын томоохон төлөөллүүд болон хэд хэдэн зохиолчийг уулзуулж амжсан бөгөөд тэдний ихэнх нь урьдчилан цаг авч уулзалтаа товлосон байв. Ирсэн зочид ч, уулзсан монголчууд маань ч аль аль нь сэтгэгдэл өндөр байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж чадсандаа баяртай байгаа нь цаашдын олон олон ийм уулзалт, хамтын ажиллагааны эхлэл болж чадлаа.
Сэтгэгдэл ( 0 )