Зиндаа сэтгүүл
Номын баяр үргэлжилж байна. Сүхбаатарын талбайд үргэлжилж буй номын баярын содон хүмүүсийн нэг нь “Бат инженерийн кэйс” номыг бичсэн Ц.Бат байлаа. Түүнээс номынх нь талаар сонирхов.
-“Бат инженерийн кэйс” гэхээр нэрнээсээ авахуулаад өвөрмөц харагдаж байна шүү. Уншвал сонирхолтой байх даа?
-Эртхэн уншаарай. Орой эхэлчихвэл шөнөжин дуусахгүй шүү.
-Мэдээж танд тохиолдсон түүхийг өгүүлсэн байх. Энэ номноос өөр юуг мэдэх боломжтой вэ?
-Шударгаар амьдрахад Монголд ямар байдаг тухай л байгаа юм. Би бол жирийн л монгол хүн. Азаар их өөрчлөлтийн он жилүүдэд залуу нас маань өнгөрсөн. Тэр өөрчлөлтүүдэд яаж оролцсон тухай байгаа.
-Зөвхөн нэг үйл явдлын тухай биш, нэлээд өргөн хүрээтэй түүх өгүүлэгдэх нь ээ.
-Ерөнхийдөө би энэ номыг эхэлж бичихдээ яаж шоронд орсон, тэр кэйс үндсэндээ юу байсан тухай бичье гэж бодсон юм. Мэдээж сайдыгаа шүүмжлэх хэмжээнд нисэхийн мэргэжлийн хүн гэдгээ илтгэж өөрийнхөө түүхийг урагш урагш нь бичсээр байтал бараг хүүхэд нас руугаа оччихож байгаа юм. Азаар би маш олон өөрчлөлтөд оролцож чадсан. Мэдээж тэр өөрчлөлтийг ганцаараа авчраагүй. Олон сайхан найзуудтайгаа, хамт олонтойгоо хийсэн. Биднийг ойлгодог дэмждэг дарга удирдлагууд байсан, намчирхдаггүй үед ид залуу насаа өнгөрөөсөн шүү дээ.
Хэсэг хугацааны дараа ардчиллаа дэмжээд явж байтал ардчиллын нэр барьсан атаманууд гарч ирээд, жаахан дээрэлхэх гэж үзлээ. Тэгэхэд нь би “Уучлаарай ах нараа та нар авчирсан эрх чөлөөгөө буцаагаад хурааж авна гэж байхгүй шүү” л гэсэн. Ерөнхийдөө иймэрхүү түүх бий. 2014 оны арваннэгдүгээр сар хүртэл түүх юм. Түүнээс хойш түүх бүтээж чадвал хэдэн жилийн дараа үргэлжлүүлээд бичнэ л дээ.
-“Тунгалаг Тамир”-ын Итгэлт эр хүн нэг орж үзэх ёстой юм гэнэ лээ гээд хар гэрт сууж үздэг шүү дээ. Үнэндээ тэнд ямар байв?
-Хүсээд байх газар биш. Тэнд хэлмэгдэж орсон хүмүүс олон байна лээ. Тэнд байх ёстой хүмүүс ч байсан. Хүмүүсийн хувь заяанд учирсан ээдрээтэй асуудлыг сайн муу гэж дүгнэх хэрэггүй байх. Би тэнд үзсэн тааралдсан зүйлсийг аль болох нааштай, гэгээтэй өнцгөөс бичихийг оролдсон. Харин надтай тааралдаж эрх мэдлээрээ далайлгах гэж оролдсон дарга нарыг бол байсанаар нь л бичсэн.
-Бат инженерийн кэйс өөрчлөлт дагуулсан уу?
-Би өөрчлөлт авчрах зорилгоор бичээгүй юм аа. “Бат инженер сайдыгаа гүтгээд шоронд орсон” гэж дээрээс нь нэмж гүтгэлэг явж байсан учраас тэр үед юу болсон юм бэ гэдгийг детальчилж, бичсэн юм. Тэр үед МИАТ компанид зургаан онгоц худалдан авах, түрээслэх хэлэлцээрүүдийг би удирдаж байсан юм.
-Таны эгч Ц.Оюунгэрэлийн ном бестселлер болдог. Таны ном тийм түвшинд хүрэх болов уу?
-Мэдэхгүй. Би бол ном зохиогоогүй. Зүгээр л миний амьдралын хроник шиг тэгсэн мөртлөө уншихад сонирхолтой өнцгөөс бичихийг хичээсэн. Хүмүүс дурсамжаа бичихээрээ байгаагүй юмыг худлаа бичих, байсан юмыг нуух байдлаар их бичдэг. Би бол байсан юмыг байсанаар нь бичье гэснэ юм. Эрх мэдэл албан тушаал авсан хүмүүст хүн шиг байгаарай. Хэн нэг бичиг үсгийн боловсролтой хүн яаж аашилж аяглаж байсан тухай чинь бүхнийг бичээд үлдээчихнэ шүү гэж хэлмээр байна. Тэр утгаараа энэ ном нийгэмд өөрчлөлт авчрах байх гэж бодож байна.
Улс төрийн томилгоогоор хүмүүс албан тушаалд очиж байна. Тэр хүмүүс очсон хамт олондоо улс төрийн бяр үзүүлэх гээд байхгүй. Ажлаа ярихад хэн ч тэр хүнийг муулах гээд байхгүй шүү дээ. Улс төрийн шугамаар очсон гэдгээрээ түрий бариад “солиороод” эхэлвэл сөрөх хүч байдаг юм шүү.
-Та энэ номыг хэзээ эхлээд хэзээ дуусав?
- Би 2020 оны дөрөвдүгээр сард ажлаасаа гарсан юм. Ковид гээд ажил руу явахад эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн шүү дээ. Орон тооны цомхотгол яригдахаар нь би “Цомхотголд оръё” гээд гарсан юм. Тэгээд дөрөвдүгээр сараас эхлээд зуслан дээрээ гараад хоёр сар хагас хугацаанд бичсэн юм. Биччихээд нэг жил засвар хийсэн. Нэмж, хассан. Зарим хурц өнцгөө больсон. Заавал хавчуулах ёстой үйл явдлууд ч гарч ирнэ. Эхлээд 140-өөд хуудас байсан юм. Сүүлд нэмээд 170-аад хуудас болгосон.
-Таныг твиттерт идэвхитэй байдаг болохоор зарим нь “Бат инженер ажил хийдэг юм уу” гэж гайхдаг. Та одоо яг юу хийж байгаа вэ?
-Би твиттерт идэвхитэй биш шүү дээ. Улсууд “Чи юу хийж амьдарч байна” гэж асуудаг юм. Би тэгэхээр нь “Хулгайлсан, авилгалд авсан мөнгөөрөө л амьдарч байна” гэж хариулдаг. (хөхрөв)
Б.ЯНЖМАА
Сэтгэгдэл ( 7 )
bat guia ta chadddag um bol mergejliin ajlaa xiiigeerei zeblexed
Манай Монголчууд баян юм болохоороо ихэнх нь НӨАТ ийн буцаан олголтоор амьдардаг гэж байгаа.
МИАТ.н дарга болго гэж шахаад Дэмжлэг аваагүй учир Сайдыгааа баахан гүтгэж доромжлоод тэгээд шок шшаасан үл бүтэх итгээд ном бичлээ юу
Зам тээврийн сайд хонгилын гансүхтэй үзэж байгаад хар гэрт орсон бол энэ хүний зөв байх ,тэр номыг унших болно.Амжилт
hhhahag
Амжилт хүсье. Сонирхолтой санагдаж байна. Уншинаа.
АН төр барьж байх үед эгч Оюунгэрэл нь Соёлын сайд болсон. Тэгээд л ман Бат бас үүнийг ашиглаж МИАТ-ын дарга болох гэж Зам тээврийн сайд Гансүхийг дарамтлаж, Твиттерээр жигэсээр байгаад шоронд суусан. Албан тушаалын төлөө ингэж уйгагүй дайрдаг хүн төрд очвол маш аюултай. Байнга л улсаас мөнгө идэж, сургалтын төлбөр, замын зардлаа төлүүлж амташсан хүн ямар олигтой хүн байхав. .