Номын баярыг санаачлагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувдтай ярилцлаа.
-Номын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг боллоо. Бүгд хүлээн зөвшөөрөх нь сайн ч ковидын тархалтад сонгууль, номын баяр нөлөөлсөн гэж хардахад хүргэсэн муу тал бас байсан даа?
-Номын баярын дараа ХӨСҮТ-ийн хийсэн судалгааг авч үзэхэд цар тахлын тархалт буурсан гэж гарч ирсэн. Өвчинд бидний бодлоос үүдэлтэй нөлөө байж магадгүй юм. Задгай талбайд бизнес хийх нь халдварын тархалтад нөлөөлөөгүй нь гадна орчинд бизнес хийдэг олон хүнд урам өгсөн болов уу. Ямар нэг өвчин дэгдсэн ч бидний амьдрал үргэлжилнэ, ялан дийлнэ гэдгийг энэ бүхэн харууллаа.
-Номын баярын үеэр УИХ-ын дарга үг хэлж, Ерөнхий сайд бас зорьж ирж байсан. Номын соёлыг дэлгэрүүлэх үйлсийг өндөр түвшинд анхаарч байна гэсэн сэтгэгдэл төрдөг. Гэхдээ хөшигний ард ч үнэхээр бүх юм “Ногоон гэрэл”-ээр явдаг уу?
-“Ногоон гэрэл”, “лифт” бидэнд байхгүй. Бидэнд байгаа зүйлс номонд дуртай хүмүүс, 30 удаа номын баярт оролцогчдын дэмжлэг юм. 2019 оноос хойш УИХ-ын дарга Г.Занданшатар Номын баярыг ивээлдээ авсан. Г.Занданшатар дарга ивээлдээ авдаг нь бас учиртай. Тухайн үед нийслэлээс Номын баярын өдрийг цуцалсан байв. Баяр болохоос хэдхэн хоногийн өмнө талбайн зөвшөөрлийг цуцалчихаар бид хөлөө хүрч болох газраа хүрч, хэлээ хүрч болох газарт ярьж явсаар, Г.Занданшатар даргад хүрсэн хэрэг. Номд дуртай төрийн түшээтэй байгаагийн хэрэг гарч байна. Номын баярын өдрүүдийг тогтмол болгох гэж бид арав гаруй жил хичээж ирсэн ч дунд түвшиндээ үл ойлголцол үүсдэг байв. Номын баярыг цуцалчихна. Номын баярын өдрүүдийг хөдөлгөнө.
Олуулаа хотдоо баярлахаас гадна олон улсын зочидтой хамт баярлах мөрөөдөл бидэнд бий. Тийм ч учраас “Дэлхийн номын нийслэл” болъё. Ном, соёлоороо гайхуулдаг орон болъё, ном уншдаг гэдгээрээ бахархдаг байя гэж зүтгэж ирлээ. Номын баяр маань 16 дахь жилдээ болж байна. Миний хувьд 17 жил энэ салбарт ажилласан байна. Номын баярт 50-80 мянган хүн зорьж ирдэг өргөн далайцтай үйл ажиллагаа болжээ. Нийслэлийнхээ төв талбайд ёслол хүндэтгэлтэйгээр Номын баяраа хийдэг. Гаднын улс орнууд янз бүрийн түвшинд хийдэг байх. Бидний хувьд уламжлалт өв соёлтой маань холбоотойгоор өөрийн гэсэн хэлбэрээ олсон баяр.
Түүнээс биш бэрхшээл дуусаагүй. Өнөөдөр гэхэд бид нийслэлийн Соёл урлагийн газар, яам тамгын газартайгаа үг хэлээ ололцох гээд хичээж байна. Бидний хоёр, гурван сарын өмнөөс төлөвлөж ирсэн ажлыг долоо хоногийн өмнө өөрчилнө гэдэг бүдүүлэг хэрэг.
-Яаж хөдөлгөсөн бэ?
-Талбайн зохион байгуулалтыг маань өөрчилнө. Тайз, хөтөлбөрийг маань өөрчилнө. Гэнэт “Төрийн байгууллагуудад олон тооны асар олго” гэнэ. Иймэрхүү байдалтайгаар дэмжлэг үзүүлэх бус дээрэлхэх байдалтай болчихдог үе ч цөөнгүй. Шинэ дарга ирэх болгондоо Номын баяраар оролддог. Номын баяр шинэ дарга нарын “ноолдог” талбар болчихоод байна. Нийтээр хүсэн хүлээдэг энэ үйл ажиллагааг яаж дарга нарт ойлгуулах учраа заримдаа бүр олохоо байчихдаг.
-Саяхан бухимдсан пост оруулсан байна лээ. Бухимдахаар зүйлс бас болдог юм байна даа гэж бодогдсон.
-Би ганцаараа бухимдаж байгаа юм биш л дээ. Номын ертөнц клубийн сурагчид байна. Хөтөлбөр хариуцсан ажилтан, сэтгүүл хийж байгаа баг, маркетинг дээр ажиллаж байгаа охид маань байна. Энэ олон хүмүүсийн хөдөлмөр, хичээл зүтгэлээр бүтдэг ажил. Гаднаас ирсэн зочид маань тайзтай ойрхон байрлах гэдэг. Хойморт байсан тайз нөгөө талд очиход л дагасан олон хөдөлгөөн хийгддэг. Яг ийм үйл явц болж байна. Манай зохиолчид бол “Хоймрын тэд дэх асар минийх” гээд “өмчилчихсөн” байдаг. Түүнийг нь хөдөлгөчихвөл бөөн юм болно.
-Яг энэ өдрүүдэд аятайхан байрлалтай асар авчихъя гэсэн хүмүүс их ханддаг байлгүй?
-Олон хүн хандана. Гэхдээ энэ бүх ачааллыг бид ийм болтол нь ажилласан учраас агуулга бүтээдэг ийм олон хүн бий болжээ гэж өөрсдөөрөө бахархдаг. Анх “Номын ертөнц” нэвтрүүлэг хийж байхдаа хэдэн номоо ээлжилж ярьсаар байгаад ярих сэдэвгүй болох шахдаг байсан. Одоо бол бүтээлээ танилцуулъя гэдэг олон байгууллага, хүмүүс байна. Оролцож чадахгүй үлдсэн байгууллагууд ч бий. Тэр болгоноос хүлцэл өчөөд, намрын баярт ирж бүртгүүлээрэй гэж учирлаж байна даа.
Төдийгөөс өдий болтол явсан уран бүтээлч нартаа бид хэзээд хүндэтгэлтэй ханддаг. Анхны баяр дээр зогсч байсан хүмүүс маань өнөөдөр ч байгаасай гэж хүсдэг. Шинэ үеийнхэн, дунд үеийнхэн нэмэгдсэн. Хүүхэд, залуус ч олноор нэмэгдэж байна. Номын баярыг ямар хүмүүс зорьж ирдгийг судлахад 15-22 насны залуусын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа юм байна. Номын баярын ажилд сайн дурынхан элсүүлэхэд энэ насныхан бас их хандсан. Магадгүй манай Номын ертөнц клубт байдаг хүүхдүүдийн нөлөө бас бий. Талбай дээр улаан шар хантааз өмссөн хүүхдүүд гүйж явдаг. Тэднийг хүмүүс “Номын ертөнц”-ийн ажилсаг “зөгийнүүд” гэж хардаг. Энэ хүүхдүүд том хүмүүсээс ч дутахгүй чухал ажлыг нугалж, нийгмийг соён гэгээрүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Өмнө нь энэ баярыг зохион байгуулахад оролцож явсан зарим хүүхэд ном бичиж, Номын баярт оролцож байгаа.
-Энэ удаагийн Номын баяр юугаараа онцлог байх вэ?
-Энэ удаагийн баяраар оролцогчдын тоо өсч байна. Хүүхэд, залуусын ном бүтээл зонхилох төлөвтэй. Эцэг, эхчүүд хүүхдэдээ ном их авч өгдөг болжээ.
-Анхны Номын баярууд ямархуу болж байсныг дурсаач?
-Эхний хэдэн баяр дээр арван хэдэн хүн л суудаг байлаа. Бие биенээ хараад баясдаг. Тэр нь бидэндээ жаргал байж. Тэндээсээ Номын ертөнц нэвтрүүлгээ бэлтгэнэ. Сугалаа, танилцуулга хийнэ. “Ном бол…” лекц зохион байгуулдаг. Хөгжилтэй түүх ч зөндөө бий. Одоо бол эхний өдрүүдтэй харьцуулахад газар, тэнгэр шиг л байна. Ямар ч байсан баярыг тасалдуулахгүй гэж байдгаараа хичээж ирсэн. Хэдхэн хоногийн өмнө Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяа зохиолчтой ярилцаад сууж байхад 12 жилийн өмнөх зургийг маань илгээсэн. Тэр зургаа харж байхдаа тухайн үед ямар бэрхшээл тулгарч байсныг дурссан л даа. Хотын төвд үзэсгэлэнгийн том танхим байдаггүй. Анхны хэдэн баяр маань Мэдээлэл, технологийн паркийн нэгдүгээр давхарт болж байсан. Тэнд хоёр, гурван баяр хийж байтал кино театр болж өөрчлөгдөв. Номын баяр хийх боломжтой хэд хэдэн газруудыг туршсан. Улаанбаатар шилэн банканд үзэсгэлэнгийн танхим байж болохоор газрыг нэвтрүүлгийн багаараа очиж засч тохижуулж, будаж, хана барьсан.
Гэтэл дараагийн баярын үеэр дарга нь солигдсон гээд бидний хөдөлмөр үр дүнгүй болж байв. Тэр болгоныг даваад, өнөөдөр хүртэл явж байна л даа. Талбай дээр асрууд маань хөмөрч унана, эвдэрч төлбөр тооцоо гарч байсан ч Номын ертөнц нэвтрүүлгийн спонсор, нэвтрүүлэгтэй хамтарч ажилладаг байгууллагуудын дэмжлэгтэйгээр асуудлыг шийдсэн. Сүүлийн хоёр жил харьцангуй тайван явж ирсэн нь нийслэлээс онцгойлон анхаарч ирсэнтэй холбоотой. Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнд талархаж явдаг. Харин энэ удаа үйл ажиллагаа маань нийслэл гэхээсээ яамтай холбогдож байгаа болохоор байр суурь нь жаахан өөрчлөгдөж, асуудалтай л сууж байна.
-Өөрийг чинь “Үндэсний номын баярыг санаачлагч“ гэж тодотгодог?
-Үндэсний номын баярыг санаачлагч гэж явдаг. Мэдээж урдах хойдох залгамж хэзээд байдаг. Дээр үед Уншигч зохиолчдын уулзалт гэж болдог байсан. Номын баяр, Номын тухай яриа гэж янз янзаар нэрлэдэг байсан юм билээ. Гэхдээ яах аргагүй өнөөдрийн хэлбэрээ олоход нь санаачилсан нь үнэн. Танхимд суугаад нэг хүн ярих нь гол бус нийтээрээ номонд анхаарал хандуулж, номынхоо тухай ярих боломжийг олон хүмүүст олгосон. Мэдлэг хүртэх, хүртээх боломж бий болсон юм.
-Яаж ийм санаа төрсөн юм бол?
-Номын ертөнц нэвтрүүлэгтэй шууд холбоотой. Нэвтрүүлэг хийж байхдаа гадаад улс орнуудад номтой холбоотой ямар үйл ажиллагаа байдаг талаар мэдээлэл бэлтгэхдээ энэ санааг олсон. Гадны улс орнуудад номын соёл хэвшсэн юм байна. Зохиолчид нь оролцдог юм байна. Хэвлэлийн газрууд нь ирдэг юм байна. Гэрээ хэлэлцээр хийгддэг юм байна. Уншигч, зохиолчдыг идэвхжүүлдэг баяр юм байна. Уншигч нь очоод, ном бүтээлийн талаар ярина гэдэг зохиолчийг маш их урамшуулдаг юм байна л даа. Энэ бүхнийг хэн хийж чадах вэ гэхээр тухайн үед номоор дагнасан анхны нэвтрүүлэг нь манайх. Бидэнд л тийм боломж байсан. Тэр үед нэг багт ажиллаж байсан ах нар, найз нөхөд маань энэ ажлыг бүтээхэд чухал нөлөө үзүүлсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан санагдана?
-2012 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан. Гаднын улс орнуудад номтой холбоотой үйл ажиллагаанд төрийн дэмжлэг их юм билээ. Тэр үед Ерөнхийлөгчийн ивээл дор олон үйл явдал болдог байв. Ерөнхийлөгчийн зөвлөх байсан А.Ганбаатарт хандаад “Ийм баяр байдаг юм. Бид дөнгөж саяхан Бээжингийн Олон улсын номын яармагт очоод ирлээ. Ерөнхийлөгч ивээлдээ авчихвал илүү сайхан зүйлс хийх боломжууд харагдаж байна” гээд ярьсан. Жилийн дараа яриа маань ажил хэрэг болов. Энэ бүхэн бүх нийтээр номын баярыг тэмдэглэх ёстой юм байна гэдэг ойлголтыг нийгэмд өгсөн. Аймаг, сумд руу пургон дүүрэн ном очсон шүү дээ. Үр өгөөж нь нийтэд, ном соёлынхонд хүрсэн юм. Зарлиг гарчихаад байхад илүү яах юм бэ, яагаад хууль батлуулах гэж явсан юм бэ гэж асуудаг.
Номын баярын өдрүүд тогтож өгдөггүй. Гаднаас зочид урьдаг. Баярын өдрүүдийг өөрчлөөд болдоггүй. 2019 онд тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хэлэлцэгдэж эхлэхэд бид УИХ-ын гишүүн А.Ундраад хандаж, “Ном соёлтой холбоотой өдөр байдаггүй юм байна. Тэмдэглэлт өдрүүдийн хуульд оруулж өгөөч” гэж хүссэн. Гэтэл одоо хууль баталчихсан байхад төрийн хийх ёстой ажлыг чи хийлээ гэж хэлүүлэх дээрээ тулаад явж байна (инээв). Бодлогын, нөлөөллийн дэмжлэг л бидэнд хэрэгтэй байна. Түүнээс биш энэ хөтөлбөрийг энд оруулна, энэ дарга түрүүлж үг хэлнэ гээд дайрч орж ирдэг оролцоо дэмжлэг болохгүй.
-Номын баярын бэлтгэл ид өрнөж байна. Таны нэг өдөр хэрхэн өнгөрч байгаа вэ?
-Өдөрт маш олон дуудлагад хариу өгч байна. Номын баярын зохион байгуулалттай зэрэгцээд Номын ертөнц нэвтрүүлэг маань TV-9 телевизээр үзэгчдэд хүрч эхэлж байна. Дөнгөж сая талбай зохион байгуулалтыг хөдөлгөж байгааг яаж зохицуулах вэ гээд ярилцаад сууж байлаа. “Сэтгүүлд тавигдах материал хараарай” гэсэн мэдээлэл ирж байна. Гаднаас ирэх зочдын мэдээлэл ирсэн. Сайн дурын ажилд оролцох хүүхдүүдээ чиглүүлэх ажил хийж байна. Бэлтгэл ажил олон талтай үргэлжилж байна. Оройдоо бараг 24 цаг хүртэл ажиллаж байна. Өглөө есөн цагт ажил дээрээ ирдэг.
-“Надад ямар зөвлөгөө өгөх вэ” гэсэн постны чинь дор ихэнх хүмүүс “Амар, сайн унт” гэсэн байна лээ?
-Олон ажлыг зэрэг барьж авдаг хувь хүний онцлог байна л даа. Номын баяраас гадна редактор клубээрээ бас ном редакторлох ажил хийдэг. Номын соёл олон төрлөөр хөгжих учиртай.
-Миний амьдралд ном чухал үүрэг гүйцэтгэх юм байна гэдгийг хэзээ мэдэрсэн бэ?
-Оюутан байхаасаа Номын ертөнц нэвтрүүлэгтэй холбогдсон. Сурч байхдаа олон ажилд өөрийгөө сорьж үзсэн л дээ. Эцэст нь номд дуртай хүмүүстэй хамтарч, номын нэвтрүүлэг хийж эхэлсэн юм.
-Монголчууд ном уншдаггүй гэж зарим нь ярьдаг. Энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд юу хэлэх вэ?
-Залуус маань харьцангуй сайн уншиж байна. Нийтээрээ сайн уншиж байгаа учраас номын зах зээл тэлж байна.
-“Дэлхийн номын нийслэл болъё” гэдэг гоё уриа юм аа?
-2012 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн номын нийслэлээр Армены Ереван хотыг шалгаруулж байлаа. Энэ мэдээг хараад судлаад үзэхэд хүн ам цөөтэй, манайхтай ойролцоо хүнтэй, яг энэ туршлагаар Улаанбаатар ч бас “Дэлхийн номын нийслэл” болж болох юм байна, үүний тулд уншлагыг сайн хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Тухайн үедээ жижиг төсөл бичээд, хотын даргад хандаж байлаа. 2020 оны Засаг даргад бас ийм боломж байна гэдгийг хэлсэн. Дэлхийн номын нийслэл болох зорилтын хүрээнд баг байгуулаад, ажиллаж байгаа гэж сонссон.
-Өмнөх номын баяраар гэрт ойрхон номын дэлгүүрээс ном авахад хямдрал байгаагүй болохоор урамгүй санагдсан. Үндэсний номын баярын өдөр бол зөвхөн талбайд ирсэн хэдэн хүний баяр биш. Энэ өдөр номын дэлгүүрүүд бүгд хямдрал зарладаг бол хүн бүр ном авах юм биш үү?
-Зарим номын дэлгүүрүүд хямдрал зарладаг. Бүгдийг нь тэг ингэ гэж шахах боломжгүй л дээ. Сайн дурын үндсэн дээр явж ирсэн үйл ажиллагаа. Гэхдээ уур амьсгалд бүгд нэгддэг бол гоё. Ном уншихад хүний бодол сэтгэлгээ баялаг болдог гэж би боддог. Хүсэл мөрөөдлийг томруулж өгдөг зүйл ном. Соёлын яамнаас Номын баярын өдрийг орон даяар тэмдэглэх тухай ярьж байна. Үндэсний номын баярын өдөр эх орны аль ч өнцөгт байгаа номын дэлгүүрүүд номоо уншигчдад аль болох хямд үнээр хүргэж, нэг ч гэсэн хүнд баяр баясгалан бэлэглээсэй гэж уриалж байна. Өнгөрсөн онд бид таван аймгаар явсан. Хүүхдүүд номын баярыг хүлээж байдаг юм билээ. Хүүхдийг баярлуулах зүйлс олон байгаасай.
Б.ЯНЖМАА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
энэ үеэр тэр хорвоод хосгүй монголчуудын бүтээсэн алт, мөнгөн үсгээр бичсэн номоо тусгай хамгаалалттай байранд, өндөр үнээр сонирхуулах ажил зохиовол зүгээр бус уу?
Маш чухал зүйлийг санаачилж бүтээж яваа бүсгүйд улам их амжилтыг ерөөе.
түүхийн чиглэлийн номыг хүн их авч байна. Яруу найраг уран зохиол сонирхол бараг л татахгүй байгаа харагдлаа. харин зохиолчид нэг нэгийхээ номыг сонирхдог бололтой.Бусдыг шүүмжилсэн дооглож шоглосон зарим ном авдаг юм байна.Гэхдээ номын баяр байх ёстой өргөжих ёстой
түүхийн чиглэлийн номыг хүн их авч байна. Яруу найраг уран зохиол сонирхол бараг л татахгүй байгаа харагдлаа. харин зохиолчид нэг нэгийхээ номыг сонирхдог бололтой.Бусдыг шүүмжилсэн дооглож шоглосон зарим ном авдаг юм байна.Гэхдээ номын баяр байх ёстой өргөжих ёстой
Сайхан ярилцлагыг шимтэн уншлаа. Амжилт хүсьe.
nomiin ur shimiig olon niited tugeex ard tumniig nom unshix soyold surgaj bui enexuu erxem uilsed tani amjilt xusie\n