Б.Энхбаяр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын ассамблейн чуулганд оролцов

Я.Болор | Zindaa.mn
6 цагийн өмнө

Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2025 оны арванхоёрдугаар сарын 01-05-ны өдрүүдэд болсон Олон улсын Эрүүгийн шүүхийн (ОУЭШ) Ромын дүрмийн Оролцогч талуудын Ассамблейн 24 дүгээр чуулганд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцлоо.

Чуулганы үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Ассамблейн Ерөнхийлөгч, хатагтай Паиви Каукоранта болон ОУЭШ-ийн Орлогч прокурор Нажат Шамийм нартай уулзах үеэрээ Монгол Улс нь Ромын дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг тууштай баримталдаг улсын хувьд ОУЭШ-ийн үйл хэргийг дэмжиж ирснээ тэмдэглэж, дэлхий дахинд хууль ёсыг сахиулахад тус шүүх зайлшгүй чухал болохыг онцлов.

Мөн Ассамблейн Ерөнхийлөгч, хатагтай Паиви Каукоранта олон улсын нөхцөл байдлын улмаас ОУЭШ-ийн хараат бус байдалд хүндрэл учирч буй энэ цаг үед энэхүү чуулганд Монгол Улс төлөөлөгчөө Хууль зүй, дотоод хэргийн сайдын түвшинд анх удаа оролцуулж байгаа нь ОУЭШ-ийн мандат, Ромын дүрмийн үндсэн зарчим болон олон улсын шударга ёс, дүрэмд суурилсан дэг журмыг тууштай дэмжиж буйн илэрхийлэл болж буйг тэмдэглэв.

Олон улсын Эрүүгийн шүүх нь төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийг харьяалан хянан шийдвэрлэдэг байнгын үйл ажиллагаатай шүүх юм.

Монгол Улс Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд 2002 онд нэгдэн орж соёрхон баталсан ба одоогийн байдлаар ОУЭШ-ийн Ромын дүрэмд дэлхийн 125 улс нэгдэн ороод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top