"НОМЫН БАЯР"-т явахаасаа өмнө таны зайлшгүй МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС

2022 оны 05 сарын 16

Улаанбаатарын номын баярыг жил бүрийн хавар тав болон намар есдүгээр сард Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг. Энэ хаврын номын баяр “Илүү их уншъя” уриан дор тавдугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд болно.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэж буй энэхүү арга хэмжээг "Номын соёлт ертөнц" ТББ-аас  31 дэх удаагаа зохион байгуулж буй юм.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүд юм. Мөн үндэсний бичиг, соёл, өв, хэв маягийн элементийг сурталчлан таниулдаг, уламжлал шинэчлэлийг хослуулдаг соёлын цөм үйл ажиллагаа билээ. Энэхүү баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, жуулчин, түр оршин суугч болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог.  Энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн хандаад байна.

Номын баярт уншигчид хүрэлцэн ирснээр өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтой уулзах, номдоо гарын үсэг зуруулах боломж олддог. Номд хайртай хэн бүхний хүсэн хүлээсэн, номоор амьсгалах энэ өдрүүдэд та юу бэлдэх ёстой вэ. Таны зайлшгүй мэдэх ёстой зүйлсийг сануулъя. 


1. Юуны өмнө цаг агаартаа тохируулан хувцаслаарай. Номын баярын өдөр сэрүүхэн байх төлөвтэй байж юуны магад тул дулаан хувцастай гарсан нь дээр. 
 


2. Мөн том цүнх эсвэл даавуун тор авч явахаа мартуузай. Та ном уншдаг бол аль болох гялгар уутнаас татгалзахыг хичээгээрэй. Байгальд ээлтэй, эко, даавуун торыг өдөр тутамдаа хэрэглэж хэвших нь зүйтэй. 
 


3. Худалдаж авах номын жагсаалтаа гаргах хэрэгтэй. Яаралтай эсвэл зайлшгүй унших шаардлагатай номоо хямдралтай авах боломж номын баяраар л олдох юм шүү. 
 


4. Та хуучин ном сонирхдог уу? Тэгвэл хуучин номын худалдаагаар заавал ороод гараарай. Ховор орчуулгатай, нандин номуудыг хямд үнээр олох ч юм бил үү...
 


5. Номын баяраар хэсэхэд ихэнх тохиолдолд төлөвлөөгүй ном худалдаж авах гэх мэт илүү зарлага гардаг учир хэтэвчиндээ гэнэтийн үед ашиглах бэлэн мөнгөтэй явах нь чухал.
 


6. Номын баяр бол танилын хүрээгээ тэлэх хамгийн боломжтой үе. Магадгүй та энэ үеэр өөртэйгөө ижил сонирхолтой, ном унших дуртай, урлагт хайртай шинэ найзтай болох ч юм бил үү. 
 


7. Энэ жилийн номын баяр ямар онцлогтойг та мэдэж байгаа юу? Хэрэв үгүй бол ЭНД-ээс бас ЭНД-ээс уншаарай.  
 


8. Номын баяраар та хамгийн хайртай зохиолчоо бодитоор нь харах боломжтой. Тиймээс дуртай монгол зохиолоо цүнхлээд гараарай. Зохиолчоос нь гарын үсэг авах боломж гарах ч юм бил үү. Зохиолчийн гарын үсэгтэй ном хамгийн үнэ цэнтэй байдаг билээ.  
 


9. Гэрэл зураг сонирхогчид номын баяраар гоё агшнуудыг дурандаа буулгах боломжтой. Тиймээс зураг авах камер, гар утсаа цэнэглэж очоорой. 
 


10. Дээрх бүгдийг та мэддэг бол маргаашийг хүлээх л үлдлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лха(202.126.89.187) 2024 оны 05 сарын 18

Цагийн хуваарь бна уу

0  |  0
Top