Оросууд манийгаа хөөргөж байна аа. Танай номын баяраас сурах юм байна л гэнэ. Монголд анх тэнгэрийн хаяа олж харлаа. Нар нь илүү ээж байна л гэнэ. Номын баярыг зорин Улаан-Үдээс автомашинтай давхисаар ирсэн Оросын хэдэн зохиолч, шүүмжлэгч нөхөд шороон замаар тоос манарган давхихын жаргал, зовлонг ханатлаа амсчээ. “Дарханы зам чинь там гэдэг үнэн юм байна лээ шүү, монголчуудаа” гэж байна. Битүү шороо тоосон дунд мөргөлдөхгүй, шүргэлдэхгүй яваа жолооч нарын чадварыг ч гайхжээ. Жаргах наранд улаан хүрэн шороо тоосон дунд Ангараг гаригт яваа юм шиг сэтгэгдэл заримд нь төрсөн гэнэ шүү.
Төв талбайдаа номтой, хүнтэй асар, майхнууд нь өнгө алаглан, хиймэл ч гэсэн ногоон зүлгэн дээр суух нь сууж, хэвтэх нь хэвтээд, сэвшээ зөөлөн салхитай, нар ээсэн үд дунд, хөх тэнгэр дор Монголын их амар амгаланг мэдрэн, оросуудын “бурахыг” сонсч байхад “хуучны сайхан цаг” эргэн ирсэн ч юм шиг. Нэг л этгээд эрчим хүчин дунд ертөнцөөс тасрах мэт сэтгэгдэл төрөв. Номын ертөнцийн агаар үнэхээр өөр юм аа.
Үндэсний номын баярыг ивээлдээ авсан УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үгэндээ номын хүчийг ихэд үнэлсэн. Цар тахлын жил ч тасалдаагүй өмнөх номын баярын үеэр ковидын тархалт нэмэгдээгүй, харин ч буурсан дүн мэдээ гарсаныг тэрбээр номын эрчим хүчтэй холбож тайлбарласан л даа. “Илүү их уншъя” уриатай З1 дэх номын баяраар УИХ-ын дарга өдөрт зургаагаас илүү хуудас ном уншихыг уриалсан шүү.
“Эрхэт Монгол” медиа групп, “Зиндаа” сэтгүүлийн асарт отгон дугаарын гол дүр, “Эрхэм зиндаа” булангийн маань зочин, хамба Д.Нацагдорж морилж, бидэнтэй зургаа даруулан, ерөөл айлтгаж, номын баярын уур амьсгалд хөг нэмлээ. Манай ярилцлага, хөрөг хамбад ихэд таалагдсан гэнэ. Манайхан номын баярт “Зиндаа” сэтгүүлээс гадна “Гранд” сэтгүүл, “Өглөөний сонин”-ы шинэхэн дугаараа, сэтгүүлчдийнхээ уран бүтээл, номуудтай “ганзаглан” ирж, хөл ихтэй өдрүүдийг үдэв.
Олег Шишкин: Рерихийг судлах гэж галзуурахын наагуур юм болж байгаа шүү
Үлгэр домгийн мэт номын ертөнцөд өнгө нэмсэн содон зочдын нэг нь дээр дурдсан орос нөхдийн нэг “Рерих Оросын Индиана Джонса” номын зохиогч Олег Шишкин байлаа. Тэрбээр Рерихийн мөрийг “мөшгиж” Монголд гурван удаа ирсэн агаад 27 жилийн турш судалгаа хийсний хүчинд зузаан гээчийн ном нь мэндэлсэн түүхтэй. “Монгол Улс Рерихийн эрж хайж байсан олон нууцад нэвтрэх түлхүүр юм болов уу гэж боддог. Энэ бүдүүн номыг гаргах гэж би 27 жил “махаа идсэн”. Тэгэхээр Монголд дуртай байхгүй гээд яах билээ” хэмээн зохиолч хуучлав. “Хамгийн сүүлд Монголд ирээд Рерихийн тухай сонссон мэдээллээсээ хуваалцаач” гэхэд маань:
-Түүнийг дагалдаж явсан Зөвлөлтийн тагнуулын албаны нэлээд олон хүнийг би тогтоож чадсан. Яг чин үнэнийг хэлэхэд тэр хүн Английн талд урвасан гэдгийг олж мэдсэн маань цочирдмоор байлаа. Гэхдээ мань хүн сонин шүү. Өвөрмонгол, Манжуурт хийсэн аяллынхаа төлөө Зөвлөлт Холбоот Улсын баатрын алтан таван хошуу авсан мөртлөө Английн талд урваж, биднийг мэхэлсэн байдаг нь харамсалтай. Ер нь бол Рерих Шамбалын орныг маш их эрж хайж судалж явсан байдаг. Далай ламд бичсэн захидалдаа хүртэл Би Шамбалын 25 дахь хаан байна гэж өөрийгөө өргөмжилсөн байдаг. Ер нь би Рерихийг судлах гэж галзуурахын наагуур юм болж байгаа шүү гэлээ. Тэрбээр номоо сөхөн Эрдэнэзуугийн хуучны зураг заан, “Оссендовский, Рерих нар Эрдэнэзуу хийдэд очсоноороо маш их үлгэр домгийн зүйлсийг олж мэдсэн байдаг. Англи, Франц, Герман, Энэтхэгт маш олон архивын газраар явж материал цуглуулсан” хэмээн ярилаа. Номын баярын үеэр түүнтэй манай зарим хэвлэлийн газрынхан уулзаж, бүтээлийг нь орчуулах талаар ярилцсан сурагтай. Орос номын асар хөл хөдөлгөөн ихтэй, соёлын элчийн үүргээ зочин оросууд маань сайн гүйцэтгэх юм.
Үндэсний номын сангийнхан ном судраа зэхэн монгол гэрт төвхнөжээ. Энэ удаагийн номын баярт тэд хүүхдэд зориулсан ном судрын хэсгүүдийг онцолсон гэнэ. Үндэсний номын сангийн сан хөмрөг, хадгаламжийн хэлтсийг хариуцдаг Б.Тунгалаг “Манай номын санд байгаа 57 нэрийн судар ном, бичигт туссан хуучны муутуу цаасан дээр хар бэх, бийрээр бичсэн судруудаас хүүхдийн тухай өгүүлсэн 200 гаруй хуудас материалаас шилж сонгож аваад, хуулбараар нь энд үзэсгэлэн дэглэсэн. Монголчууд хүүхдийг багаас нь энэ хүүхэд төрийн хүн болох нь ээ гэх мэтээр шинждэг. Моринд гарамгай, суманд мэргэн хүүхдүүдийг бол яг тэр зүг рүү нь чиглүүлж сургадаг байж. Ном эрдэм түгээн дэлгэрүүлэх, эрүүл саруул байлгахад тусалдаг, хүүхдэд ээлтэй Банзрагч, Жадамба судрыг энд эхээр нь залсан” гэв. Тэдний гэрээр зочилсон иргэд уг ном судраас адис авч байна лээ. Төв талбайд номын энерги бүрэлдэхэд Үндэсний номын сангийн гэрийн хойморт заларсан эдгээр зузаан гээчийн судрууд хувь нэмрээ оруулсан нь лав.
Д.Сумъяабазар: Бүх л сэтгэл зүрхээ номын нийслэл болгохын төлөө зориулна
Номын баярт хүрэлцэн ирж, үг хэлсэн хотын дарга Д.Сумъяабазараас Улаанбаатарыг Дэлхийн номын нийслэл болгох номонд дуртай монголчуудын мөрөөдлийг хуваалцаж байгаа эсэхийг нь лавлав.
-Ер нь амбицтай, мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Хүсэл эрмэлзэл дүүрэн ажиллах ёстой гэж бодож байна. Яагаад болохгүй гэж гэдэг үг байдаг. Улам бүр хичээж ажиллана даа. Эрт дээр үеэсээ монголын их хаад, хатад дэлхийн томоохон номын сангуудыг бүтээсэн түүхтэй. Нэг жишээ хэлэхэд Чингис хааны дөрөвдүгээр хүү Тулуйн хатан Сорхагтан бэхи Одоогийн Иран, тухайн үеийн Персийн нутагт одон орон судлал, шинжлэх ухаан, номын санг байгуулсан түүх байдаг. Монголчууд эрт үеэс номыг эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн. Улаанбаатар хот маань дэлхийн номын нийслэл болох том зорилго тавьж, үүний төлөө бид илүү их хичээж чармайж, сэтгэл зорилгоо нэгтгэж ажиллах ёстой. Бүх л сэтгэл зүрхээ номын нийслэл болгохын төлөө зориулна гэв. Хотын даргыг хамгийн сүүлд ямар ном уншсаныг сонирхоход Тагнуулын сэтгэл зүй, хөрш орнуудын одоогийн нөхцөл байдлын талаар уншсан гэлээ.
Д.Урианхай: Хамгийн сайхан баяр бол мэдэхгүйгээ мэдэж авах юм
Номын баярын хүндэт хойморт ахмад зохиолч, найрагчид маань залардаг. Тэднийхээ үг сургаалийг сонсох нь номын хорхойтонуудын хувьд чухал. Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол “Өнөөдөр онцгой сайхан баяр болж байна. Манайд баяр, тэмдэглэлт өдөр олон. Тэр болгон байж байг л дээ, хөөрхий. Хүн хүндээ эзэн эзэндээ хэрэгтэй юмнууд. Харин зайлшгүй байх ёстой сайхан баяр бол номын баяр. Монголчууд манай Т.Галсангийн хэлснээр нэхий хөдөс өмсдөг, номоо харин торгонд баринтагладаг ард түмэн” гэсэн юм. Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Урианхай “Дэлхий дээр устсан соёл иргэншлүүд, улс орнууд олон байна. Тэгэхэд энэ үндэстэн өсөж үржээд номын баяраа тэмдэглээд байж байна. Түүхэнд баатруудтай улс үндэстнээс илүү номтой, мэргэдтэй улсууд нь үлдээд байсан шиг харагддаг. Хүний амьдралд олон сайхан баяр байдаг юм. Энэ дотроос хамгийн сайхан баяр бол мэдэхгүйгээ мэдэж авах юм. Ном уншихаар би ямар бага юм мэддэг юм бэ гэдгээ мэдэрч, өөрийгөө голдог. Энэ нь хүнийг урагш нь түрдэг хүчирхэг зүйл” хэмээв.
Х.Хатанбаатар: Хамгийн шилдэг тархины дасгал ном унших байдаг
Нэгэнт номын баяр учраас унших тухай яригдана. “Уншихуйн гайхамшиг” номын зохиогч, Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатараас “Та нэг номыг ямар хугацаанд уншдаг вэ” хэмээн сонирхов.
-Хүн болгонд одоогийн уншиж байгаагаасаа илүү хурдаар унших боломж бий. Уншиж байгаа материал, агуулгаасаа хамаарч, унших хурд өөрчлөгдөнө. Уран зохиолын номуудыг илүү хурдтай уншдаг. Зарим хүн “Тайван сууж байгаад унших ёстой” гэдэг. Тийм биш. Бидэнд байгалиас заяасан онцлог байдаг. Нүдний идэвхтэй харах талбай хөгжүүлэх дасгалуудыг, ойлгоц хөгжүүлэх дасгалтай хослуулж хийснээр нэгдүгээр ангид уншиж байсан хурдаасаа дор хаяж хоёр, гурав дахин хурдтай уншиж цаг хугацааг хэмнэх, илүү олон ном унших боломжтой. Миний хувьд уншлагын олон улсын таван тэмцээнд оролцсон. Эхний тэмцээндээ турк хэл дээр унших хурд маань минутанд 936 үг байсан. Америкт болсон тэмцээнд минутанд 998 үг уншсан. Тэмцээн уралдаан гэдэг утгаараа илүү их бэлтгэл хийдэг. Ер нь хүн тархины дасгал хийж байх учиртай. Хамгийн энгийн дасгал ном унших. Өдөрт дор хаяж 30 минут ном унших хэрэгтэй. Зохиолчийн хэлсэн санааг ойлгохын тулд тархи ажиллаж байдаг. Юмыг өөр өнцгөөс харж далайцтай сэтгэж эхэлдэг. Хамгийн шилдэг тархины дасгал ном унших байдаг” гэв.
Номын баяр өргөн дэлгэр сайхан боллоо.
Б.ЯНЖМАА
Сэтгэгдэл ( 0 )