СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

О.Должин | Zindaa.mn
10 минутын өмнө

Цаг уурын байгууллагаас 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн баруун өмнөд, Төв аймгийн баруун хойд хэсэг болон Дархан-Уул аймгийн нутгаар, 26-ны өдөр Дорнод аймгийн хойд хэсгээр их хэмжээний цас орохыг анхаарууллаа.

Мөн 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Үүний улмаас зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул малчид, иргэд, тээвэрчдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

11 дүгээр сарын 25-ны 20:00 цагаас 26-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Булганы зарим, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, өдөртөө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Бусад нутгаар цас орохгүй. Мөн ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Ирэх өдрүүдийн цаг агаарын төлөв:

11 дүгээр сарын 27-нд Төвийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд, Дорнодын зарим сумдын нутгаар цас орно. 27-28-нд шилжих шөнө баруун болон хойд нутгийн зарим газраар, 28-нд Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Архангайн зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Мөн 29, 30-нд баруун, төв, зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус хүйтэн байна.

Харин Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байх аж.

Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top