Трамп Талархлын өдрийг тохиолдуулан хоёр цацагт хяруулд өршөөл үзүүлэв

Я.Болор | Zindaa.mn
4 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд  Трамп арваннэгдүгээр сарын 26-нд тохиох Талархлын баярыг тохиолдуулан уламжлал ёсоор хоёр цацагт хяруулд өршөөл үзүүлэв.

Тэрбээр “Өршөөл үзүүлэх цацагт хяруулуудын нэгийг Эрх чөлөө, хоёрдохыг нь Өд гэж нэрлэжээ. Үүнээс дээр нэрсийг сонсож байсан. Сонин нэртэй юм” гэж хошигножээ.

Баруун Виржиниа мужийн Форт Сейберт дэх фермд өсгөсөн эдгээр шувууд нийлээд ойролцоогоор 37.2 кг жинтэй, далавчных нь урт нь 122 см гэнэ. Тэдний нэрийг Цагаан ордноос зохион байгуулсан цахим санал асуулгаар тодруулжээ.

Ерөнхийлөгч Трамп болон Тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын хамт тайзан дээр зөвхөн Freedom гарч иржээ. Трамп цугларсан олонд хандан Өд нь "бут руу гүйгээд алга болчихсон" хэмээн хошигнон, хоёр шувуунд өршөөл үзүүлсэн байна.

Энэ удаагийн ёслол уламжлал ёсоор Сарнайн цэцэрлэгт бус, харин Цагаан ордны Өмнөд зүлгэн дэх нисдэг тэрэгний шинэ боржин чулуун талбай дээр болжээ. Трамп ирэх жилийн ёслолыг одоо баригдаж буй Цагаан ордны шинэ танхим дотор зохион байгуулна гэдгийг мөн мэдэгдсэн байна.

Цагаан ордонд ирэхээсээ өмнө Эрх чөлөө, Өд хоёр Вашингтон дахь "Willard InterContinental" зочид буудлын тусгай өрөөнд байрласан байна. Өршөөлд хамрагдсаныхаа дараа тэд Техасын A&M их сургуулийн Шувуу судлалын тэнхимд шилжиж, оюутнуудын асрамж дор агааржуулагчтай тусгай байранд амьдрах ажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольны зарлигаар 1863 оноос хойш Талархлын өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэсээр иржээ. 1941 онд АНУ-ын Конгресс энэ баярыг жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гарагт тэмдэглэх тогтоол баталж байсан түүхтэй. Харин цацагт хяруулд өршөөл үзүүлэх бэлэг тэмдгийн чанартай арга хэмжээг 1863 онд анх удаа мөн Линкольны үед зохион байгуулжээ.

1621 оны намар мөргөлчид анхны арвин ургацаа хураасны баяраа тэмдэглэхээр өөрсдөд нь тусалсан Вампаноаг омгийн удирдагчид болон 90 гаруй уугуул иргэдийг урьж, гурван өдөр үргэлжилсэн найр хийсэн нь түүхэнд "Анхны Талархлын баяр" хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top