Трамп хоёр цацагт хяруулд амьдрал бэлэглэлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 27

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бүрэн эрхийнхээ хүрээнд энэ сарын 28-нд тэмдэглэх Талархлын өдрийн өмнө Цагаан ордонд авчирсан хоёр цацагт хяруулд өршөөл үзүүллээ.

Сарнайн хүрээлэнд болсон хүндэтгэлийн арга хэмжээн дээр тэрбээр “Баттер, Брэд /цөцгийн тос, талх/ нэртэй хоёр цацагт хяруулд өршөөл үзүүлж байна” хэмээн зарлажээ.

АНУ-ын төрийн тэргүүн “Цацагт хяруулууд мэдэгдэх хуудас аван, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын тусгай хороонд төрийн тэргүүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар мэдүүлэг өгөхөөр хүрэлцэн ирсэн” хэмээн хошигножээ.

Талархлын өдрийн өмнө цацагт хяруулд өршөөл үзүүлэх уламжлал ёсоор Цагаан ордонд хоёр цацагт хяруул авчирч, өршөөл үзүүлдэг. Тус бүр 20 кг жинтэй эдгээр цацагт хяруул хэдхэн сарын өмнө Хойд Каролина мужид төржээ. Тэд тусгай арга хэмжээнд оролцохоор “сургалтад” хамрагдсан байна.

Брэд, Баттер хоёрыг Виржиниа мужийн Политехникийн дээд сургуульд хүргүүлэх бөгөөд оюутнуудын асаргаа, хяналт дор амьдрах юм. Трамп гэр бүлийн хамт Талархлын баяраар өөрийн эдлэн Мар-а-Лагод цацагт хяруулаар зоог барина.

Цацагт хяруулд амьдрал бэлэглэх бэлгэдлийн арга хэмжээг анх 1863 онд Ерөнхийлөгч Авраам Линколн явуулж байжээ. Тэрбээр жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гарагийг Талархлын өдөр болгон тэмдэглэх зарлиг гаргасан юм. Харин Цагаан ордныг Харри Трумэн тэргүүлснээс хойш буюу 1947 оноос хойш энэ уламжлалыг жил бүр явуулах болсон байна. Талархлын өдрийг америкчууд 1621 оноос хойш тэмдэглэдэг болсон уламжлалтай. Тухайн үед өнөөгийн Массачусетс мужийн шинэ оршин суугчид ургац хураасны дараа бурханд талархах баярыг зохион байгуулж иржээ. Тэдэнд тусалсан уугуул индианчуудыг баяртаа урьсан бөгөөд тэд ирэхдээ цацагт хяруул авчирчээ. Улмаар энэ шувуу баярын ширээний гол зоог болсон түүхтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top