Монгол төрийн парадокс нь шатахуун болж хувирлаа. Нэг улсаас хэт хараат, дотооддоо шатахууны нөөцлөх савгүй, үйлдвэргүй... Зовлон үүгээр дуусахгүй сунайж өгнө. Учралын баяр болж шинэ засаг бүрэлдэхдээ “геополитикийн нөхцөл байдал” гэдэг үгийг аман бувтнасан. Авчиг алсын хараа бүү хэл дунд хугацааны зорилт ч байгаагүй гэдгийг шатахууны хомстлоос харж болно.
Парадокс ингэж эхэлсэн. Наадмын дараа шатахуун ховордож эхэлмэгц дарга нар шатахууны нөөцийг наадам гээд шавхсан гэж гөрдөв. Наадам анх удаа болж байгаа биш нөөцөө тооцох байсан. Гэвч дарга нар тооцоогүйгээр барахгүй Украины дайралт ОХУ-ын газрын тосны салбарт сөргөөр нөлөөлж байгааг мэдэх л ёстой. Мэдэн будилсан байж гэж таая. Тасалдсаны дараа дугаарлалт үүссэн. Түр зохицуулалтаар аргацааж тэгш, сондгойгоор нь ялган тарааж эхэлсэн. Гэвч байдал эсрэгээрээ дугаарлалт бураагүйгээр барахгүй 15-нд зохицуулалт дууссаны дараа эрэлт нэмэгдэнэ гэдгийг дарга нар тооцоолоогүй. Эрэлт нэмэгдсэн учраас тэгш тоотой өдөр нь тараалаа гэхэд тухайн жолооч дахиад өөр ШТС дээр очиж дугаарлаж таараа. Дараа өдөр нь эрхгүй юм чинь буруутгах аргагүй. Гэтэл шуурхай штаб нь "ШТС-уудаас АИ 92 автобензин авсан иргэдийн 14 хувь буюу 7000 гаруй нь тухайн өдрөө дахин дугаарлаж ачаалал үүсгэжээ" гэх мэдээлэл тарааж байна. Эрэлт механикаар өмнөхөөс өсгөсөн гэдгээ тэд даанч ухамсарлахгүй байна. Удахгүй олон улсын хурал эхэлнэ. Манайд ирэх төлөөлөгчдийн тоо 5000 орчим. Аялал жуулчлалын ид сезон. Дээрээс нь хуваарилалт тавигдсаны дараа хүмүүсийн эрэлт механикаар нэмэгдэх нь ойлгомжтой. Шуурхай штаб ямар шийдвэр гаргасан гээч, ШТС-ууд АИ-92 төрлийн шатахууныг бүх хошуугаар түгээхийг үүрэгджээ. Шуурхай штабын гол анхаарал нь дарааллыг цөөлөх богино зайн тоглолт л юм байна.
Шуурхай штаб дараалал бууруулахад л анхаараад байна. Түр зохицуулалт тавигдана, дараа нь эрэлт улам нэмэгдэнэ. Тэр цагт яах вэ?!
Нийлүүлэлт талын парадокс бас бий. Энэ сарын 6-7-ны өдрүүдэд улсын хэмжээнд 6360 тонн АИ-92 автобензин импортолсон бөгөөд ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс нэмж 1980 тонн шатахуун худалдан авахаар байгааг салбар яамнаас онцолсон. Манай шатахууны импортын 95 хувийг дангаар хангадаг ОХУ-д байдал маш хүнд байна. Украины дронын халдлага сүүлийн сар гаруйн турш эрчимжсэн. Сүүлд Ярославлийн үйлдвэр, Башкортостаны “Башнефть”, “Новойл” үйлдвэрт халдсан. Судалгааны “EA Analytics” компанийн тооцоолсноор ОХУ-ын түүхий газрын тос боловсруулах хэмжээ долоодугаар сард 3.6 сая орчим баррель байжээ. Энэ нь улирлын ердийн үеийнхээс даруй 36% бага үзүүлэлт цар тахлын жилүүдэд ч ийм байгаагүй. Шинжээчдийн үзэж байгаачлан Украины дайралт мөддөө намжихгүй төлөвтэй. Чухам ийм учраас ОХУ-ын экспортод эрсдэл бодитой нүүрлэсэн. ОХУ дотоодын зах зээлд хомстол үүсэхээс сэргийлэхийн тулд өнгөрөгч доло хоногт дизелийн түлш болон автобензиний экспортын дийлэнх хувьд тавьсан хоригоо сунгасан билээ.
ОХУ-ын түүхийн газрын тос боловсруулах хэмжээ VII сард 3.6 сая орчим баррель байсан ердийн үеийнхээс 36% буурсан үзүүлэлт.
2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ардын намны анхын Засгийн газар ирэх дөрвөн жилд инфляцыг 5%-д барина гэж данх цоргитол үлээж байв. Гэтэл нэг оронтой байсан инфляц одоо 12%-д хүрчихлээ. Мах болон хүнсний ногооны үнийн өсөлт инфляцын идэвхжилтэд нөлөөлсөн. Багш, эмч нарын цалин нэмсэн нь суурь шалтгаан болсон гэдгийг эдийн засагчид хэлж буй. Одоо яана гээч шатахууны үнийн өсөлт нийлүүлэлтээс шалтгаалсан хомстол намрын инфляцид нөлөөлнө. Энэ хугацаанд эдийн засгийн өсөлтиийн гол нурууг уул уурхайн салбар үүрдгээрээ үрсэн. Оны эхний улирлын эдийн засгийн өсөлтийн 30% нь зөвхөн уул уурхайн салбарт ногдож байна. Муу амлах гэсэн юм биш. Дизелийн түлшний хомстол нүүрлэвэл манай эдийн засаг элгээрээ хэвтэх магадлал өндөр. Дээрээс нь манай эдийн засаг дэлхийн таваарын зах зээл, гадаад эрэлтээс ихээн хамааралтай гэж байгаа. ОУВС чухам үүнийг л Монгол Улсад тулгарах эрсдэл гэж оношилсон.

Сэтгэгдэл ( 0 )