ӨЛГӨЦ | Төрийн төгс шийдэл нь ТЭГШ, СОНДГОЙ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Харамсалтай нь ийм л байж. Тийм нэгэн цагт тэгш, сондгой гэх санаачилгыг Э.Бат-Үүл дарга бодож олж байж. Гэхдээ түгжрэл дээр. Одоо ийм нэгэн цагт тэгш, сондгой гэдгийг шатахуун дээр бодож оллоо. Түүчээлэн залгамжлагч нь Г.Дамдинням. Төрийн төгс шийдэл болсон энэ шийдлийн буухиа нь Ардчилсан намын өнгөн дээр эхлээд Ардын намын өнгөн дээр үргэлжлэх байж. Өөр шийдэл алга. Алга ч гэж уг нь байсан юм. Монгол Улсын Засгийн газарт гадна, дотнынхон зөвлөж байсан. Стратегийн нөөцтэй болохын тулд боловсруулах үйлдвэртэй бол, шатахууны нөөцлүүртэй бол гэж өчнөөн зөвлөж байлаа. Гэхдээ бонд нэрээр мөнгө авахдаа зам болгож цементлэв. Тэгээд яасан гээч тэр зам дээрээ тэг зогсдог болсон. Одоо тэг зогсох битгий хэл балга бензин ч үгүй боллоо. Байдал ийм байхад төрийн тэргүүн нь уул, ус тахиж сүрийг үзүүлж байна. Төрийн түшээд нь элдэв найр наадам хэсээд баахан мишээж байна.

Тэгш, сондгойн буухиаг Ардчилсан намын баатар Э.Бат-Үүл эхлүүлж байлаа. Одоо 14 жилийн дараа шатахуун дээр Ардын намын "баатар" Г.Дамдинням буухиаг нь залгалаа. Баатруудын балаг дуусахгүй юм.

Намынхаа асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулж чухал царайлж болдог л юм билээ. Одоо стратегийн томоохон асуудал үүсчихээд байхад юун ҮАБЗ. Таг дуугүй хэдэн нөхдүүд л боллоо. Ганц олсон шийдэл нь тэгш, сондгой. Ядаж байхад яр гэдэг шиг яг ийм хүнд нөхцөлд COP17 гэх ач холбогдол багахан шиг олон улсын хурал зохион байгуулах гэж байдаг. Ер нь явж, явж цөлжилттэй тэмцэх төгс шийдэл нь явган таваргах байж мэдэх л юм.

Анх 2012 онд түгжрэл дээр тэгш, сондгойг санаачилсан. Тухайн үед нь түгжрэл буурсан мэт боловч эсрэгээр нь автомашины тоог нэмээд хаячихсан. Нэг хүн дор хаяж хоёр машинтай болсон. Автомашин эзэмшигчдийн тоо ч бодит байдал дээр нэмэгдсэн. Үр дүн нь тэг зогсолт. Одоо шатахуун дээр 50 мянган төгрөгөөр хязгаар тогтоож, түүнийгээ тэгш, сондгойгоор нь ялгаж олгоно. Яахав хэд хоногтоо бензин авах гэж дугаарлахгүй л байх. Гэвч яваандаа зогсож эхэлнэ. Яагаад гээч үр дагавар нь ийм байдаг юм. Дарга гоё юм бодож болно. Амьдрал дээр тэр нь хэргэждэггүй юм.

Мега төсөл бодож толгойгоо маажиж байхын оронд тэгш, сондгойгоор л асуудал шийдэх байж, амар...

Ер нь шийдлээ хүлээж буй олон асуудлыг тэгш, сондгойгоор шийдчихье яршиг. Эмнэлгийн ачаалал их байгаа юм чинь регистрын дугаарын тэгш, сондгойгоор үйлчилье. Боловсролын байгууллагын ачаалал их байгаа юм чинь тэгш, сондгой өдрөөр хичээл оръё. Цахилгаанаа олгож чадахгүй чадлын дутагдалтай байгаа юм чинь тэгш, сондгой өдрөөр цахилгаан хязгаарлаж байя. Чуулганы ирц хүрдэггүй юм чинь тэгш, сондгой өдөрт хуралдаж байя. Мега төсөл бодож толгойгоо маажиж байхын оронд тэгш, сондгойгоор л асуудал шийдэх байж, амар...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top