Москва Таймс | Монгол Улс ОХУ-аас шатахуун яаралтай авахаар тохиролцжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
50 минутын өмнө

ОХУ-ын “Москва Таймс” цахим хуудас Монгол Улс шатахууны хомстолтой байгаа үед ОХУ-аас шатахуун яаралтай нийлүүлэхээр тохиролцсон тухай мэдээллийг онцолжээ. Тус мэдээллийг сийрүүлэн хүргэе.  

Далайд гарцгүй тус улсын албан хүмүүс шатахууны хомстлыг улирлын чанартай эрэлт өндөр байгаатай холбон тайлбарлаж буй. Хомстлыг бууруулах зорилгоор ОХУ- Монгол Улсад нэмэлт шатахуун, онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцсон тухай Монгол Улсын албаныхан даваа гарагийн орой мэдээллээ.

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдэхдээ ОХУ наймдугаар сарын сүүл гэхэд нэмэлт 25 мянган тонн АИ-92 автобензин, 5000 тонн онгоцны түлш нийлүүлэхээр амлалт өгсөн гэв. Тэрээр өөрийн “X” платформ дээрээ “Урьд өмнө байгаагүй хүнд үеийг даван туулахад тусалсан ОХУ-ын Засгийн газар болон тус улсын бизнес эрхлэгчдэд талархал илэрхийлье” гэж постолсон байна.

"Монгол Улсын автобензин, дизелийн түлшний импортын 97 хүртэлх хувийг ОХУ эзэлдэг.

ОХУ-аас Монгол Улсад экспортолсон шатахууны хэмжээ зургаадугаар сард 186,400 тонн байсан бол долоодугаар сард энэ хэмжээ 173,000 тонн болж буурсан. Энэ нь Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд Украины талаас дронын халдлага удаа дараа үйлдсэнтэй холбоотой юм. Үүний зэрэгцээ Монгол Улсад зуны аялал, жуулчлалын идэвхжил, ургац хураалт эхлэх гэж байгаатай холбоотойгоор хомстол нүүрлэж байгаа гэж орон нутгийн албан тушаалтнууд хэлж байна.

Монгол Улсын АҮЭБ-ын сайд Г.Дамдинням хэлэхдээ “Хятад, Өмнөд Солонгосын нэмэлт хангамж дээр ОХУ-ын шатахууны нийлүүлэлт нэмэгдсэнээр шатахууны хязгаар тогтоох шаардлагагүй болно” гэжээ.

ОХУ нь бензин, шатахууны экспортод тавьсан хоригоо он дуустал сунгасан боловч Монгол Улстай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ОХУ Монгол Улсад шатахуун нийлүүлсэн хэвээр байна. Одоогоор ОХУ-ын засаг захиргаа Монгол Улсад яаралтай горимоор автобензин болон онгоцны түлш нийлүүлж байгаа талаар олон нийтэд тайлбар хийгээгүй.

Монгол Улс шатахууны тал дээр ОХУ-ын бүрэн хамаарлыг бууруулахын тулд дотооддоо анхны газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа бөгөөд уг үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ" гэсэн байна.

“Москва Таймс” нь Монгол Улсад нүүрлэсэн шатахууны хомстлыг мэдээлсээр байгаа бөгөөд 6-7-р сарын шатахууны нийлүүлэлт саарсныг уг хэвлэл мэдээллийн хэрэгсэл анхлан мэдээлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top