Хэрүүлээр засагласан ТӨР

Б.Сэцэн | Zindaa.mn
56 минутын өмнө

-Хэрүүл нь зарчим болж, засаглахуйн чадамж суларч хэрүүл, зөрчлөөр тогтох засаглалыг улс төрийн шинжлэх ухаанд “полемократ” гэдэг юм-

Засгаас хоёр дахь удаагаа хөөгдөх нь ч дүүрч. Хамаг гол нь эрх мэдлээрээ олж авсан мэдээллээ хэн нэгнийг харлуулах “дайралцаан” болгож болохгүйд л асуудлын учиг байгаа юм. Ер нь ч тэгээд тэгээд ах намын арав илүү жилийн дангаар ноёрхсон засаглал улстөрчдийг ер нь сохолсон бололтой. Сүүлийн таван жил л хэрэг ярьж айлгадаг, хулгай ярьж онгирдог, чихдэж, сугалаад баярладаг төртэй боллоо. Шинжлэх ухаанд үүнийг “Полемократ” гэж нэрлэдэг юм. Хэрүүлээр засаглах гэх утгатай латин үг. Хоёр хүрэхгүй жилд гурван ч засаг солигдоод, намын даргынх нь суудал хоосон байж үзсэн. Энэ нам учиргүй гар барьж хөтлөлцөөд, Н.Учралаа дарга болж залаад, учрал баярын найр болсон гэтэл үгүй байх нь тэр. Өмнө нь ширээн доогуур жийлцэж, дурангийн ард заамдалцаж байсан ах нар өнгөрсөн намраас эхлэн ил цагаан зодолдох болсон. Үүнээс эхлээд бүтэн нэг жил полемократ гэдгээ баталж харууллаа. Хэрүүл нь яваандаа зарчим боллоо. УИХ-ын чуулган, Засгийн сайдын мэдэгдэл, Байнгын хорооны хуралдаан дээр асуудлын шийдэл ярихаас илүүтэй биенийхээ булайг дэлгэх, хэрүүл хийхэд анхаардаг боллоо. Хуулийн сайд нь парламентын танхимд эрүүгийн хэрэг ярьдаг болтлоо завхарсан энэ байдал хуулийн сайдын дараагийн залгамжир нь яамныхаа хэвлэлийн өрөөнд хэрэг ярьж “бөмбөг дэлбэлэх” хүртлээ доройтлоо. Намын даргын суудалгүй завхарч байсан энэ нам даргаа тонгорохоор 30-38-аараа хуваагдаж, хамт “айраг ууж найрлах” болтлоо завхарлаа. Сангийн сайд нь тодотгол гэдэг юм байдаггүй ээ гээд гүлдийж байхад түүний залгамж болсон сайд нь тодотгохоос өөр аргагүй гэж пээдийх болтлоо суларлаа. Бүр сүүлдээ төрийн цэргийн байгууллага нь хүртэл улс төрийн бохир тоглоомных нь хүү болсхийгээд байж байна.

Өмнө нь ширээн доогуур жийлцэж, дурангийн ард заамдалцаж байсан ах нар өнгөрсөн намраас эхлэн ил цагаан зодолдох болсон. Үүнээс эхлээд бүтэн нэг жил полемократ гэдгээ баталж харууллаа.

“Алсын хараа хорь, тавь” гэж сурталдаж байсан засаг өөр хоорондоо хэрүүл тэмцэл хийгээд юун реформ, мега төсөл мантай байна. Мега төслөө мега молиго гэж цоллож байсан энэ хурал одоо мега битгий хэл мини төсөл ч ярих сөхөө алга. Эрх барьж буй нам улс төрийн хүрээнд зөвшилцөх ёстой атал намын дотооддоо “хүний өөрийн” тал болж хуваагдаад тэмцэлдэж байна. Сөрөг нэртэй сөрөх хүчинд ч ялгаа алга. Зайрмагны цехийнх, хиаман заводынх болж хуваагдав. Намрын чуулганы нээлт бодлого ярьсангүй. Бодлоо ярьсан улстөрчдөөр дүүрлээ.

Одоо та нар анзаараад хараарай. Хэрүүл болгоны дүйвээнд сошиал армийг ашиглаж байгаа биз. Тэгээд болоогүй хүн бүр иргэний үнэмлэхээрээ нэг сошиал хаягтай болох хуулийг хоёр дахиа хусагддаг С.Амарсайхан сайд хуулийн сайд байхдаа бодож олсон гэж байгаа.  Сошиал хөгжихтэй зэрэгцээд мэдээллийн урсгалыг дайны хэлбэрт ашиглаж байгаа нь цор манайх ч биш. Яагаав цар тахлын үеэр эрх баригчид “Мэдээллийн урсгал” нэрээр дээрэлхэл үйлдээгүй юу.  Цаг хугацааг 2014 онд аваачих юм бол яг өнөөтэй ижил дүр зураг ажиглагдана. Тухайн үед сошиал хуудаснууд дөнгөж эхэлж байсан цаг. Улс төрийн тэмцэлд ашиглах ч гоё боломж. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрыг дэмжигчид болон эсэргүүцэгчид АН дотор хуваагдсан. Ингээд сошиал хуудсаар нэг юм болсондоо. Үүнд нь МАН-ынхан ч татагдан оролцож бөөн юм болсныг уншигч та санаж л байгаа байлгүй. Орчин цагийн мэдээллийн дайны сонгодог нэгэн судлагдахуун юм даа. АН-ын 2014 оны дотоод хуваагдал 2024 онд МАН дээр яг давтагдсан. Он дамнаад л 2025 онд баахан “зодолдсон” болохоос биш. Гэхдээ тухайн 2014 оны үед АН-ын зовлон арай ч монголын зовлон болчхоогүй юм. За ингээд хуулийн сайдыг хусдаг энэ үйл явдлын өрнөл нь аль 14 хоногийн өмнө сошиалд эхэлчихсэн. Сошиалоор солиоруулж байгаад сошиалоор хуулийн сайдаа “хусаж” хаялаа.

Одоо та нар анзаараад хараарай. Хэрүүл болгоны дүйвээнд сошиал армийг ашиглаж байгаа биз.

Үндэсний аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар “энэ цаг үеийн мэдээллийн дайн нь Монголд “саармаг буюу хосолмол аюул”-ын нэг хэлбэр болж, олон нийтийн итгэл үнэмшилд хүчтэй нөлөөлсөн гэж үздэг. Нөлөөлж ч байна. Цаашид ч нөлөөлнө. 2027, 2028 оны шил, шилээ дарсан сонгуулиуд ч хэрүүл суунагласан, тролл арми дунд өрнөнө. Магадгүй хэрүүл, зодооноос тодорч гарсан Н.Учралын амь тариа нь ч энэ хэрүүл байх болно. Хэрүүл үгүй бол өөрөө хусагдах болохоор арга ч үгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.47.27) 55 минутын өмнө

МАН- н 30- н бүлэг АН- тай нийлж ЗГ огцрох нь тодорхой болчиховоо хөөрхий…..

0  |  0
Top