БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын босгон дээр хоёр тал хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа АНУ-ын эрчим хүчний эх үүсвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулахаар ярилцаж байна гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
Ши Жиньпин энэ сарын 24-нд Вашингтонд айлчилна. Цагаан ордны тэргүүн өнгөрсөн тавдугаар сард Бээжин хотноо айлчилж байсан билээ.
АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны эвлэрлийг сунгах төлөв улам тодорхой болж байна. Талууд зарим төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа дундаа АНУ-ын эрчим хүчний эх үүсвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулахаар ярилцаж байна. Эдгээр арга хэмжээг урьдчилан боловсруулсан 30 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг харилцан бууруулах төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
Үүнтэй зэрэгцэн ирэх амралтын өдрүүдэд АНУ-ын сангийн сайд Скотт Бессент БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэнтэй уулзахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн долоодугаар сард Хэ Лифэн АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Гриртэй уулзан, хоёр улсын эдийн засгийн харилцааны асуудлаар хэлэлцээ хийж байжээ. Бессентийн мэдээлснээр, Вашингтон Бээжингээс газрын ховор элемент, хөдөө аж ахуйн бүтээгдэхүний талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Түүнчлэн, талууд эдийн засгийн харилцааны тэнцвэрийг хангах үүднээс худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тохирсон байна.

Сэтгэгдэл ( 0 )